Ерөнхий сайд Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй | News.MN

Ерөнхий сайд Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Намрын ээлжит чуулган эхэлснээсээ хойш нэлээд үр дүн­тэй хуралдлаа. Ту­хайл­бал, хоёр  том хууль б­о­лох Хө­рөн­гө оруулалтын ту­хай хууль бо­­лон Хөрөнгө оруу­лал­тын сан­гийн тухай хуу­лийг баталж гар­галаа. Энэ хоёр хууль хэр чамбай бол­сон гэж үзэж бай­на вэ?

-Хөрөнгө оруулалтын тухай хууль нэлээд олон жил яригдаж байгаа. Гадаад, дотоодын хөрөн­гө оруулагчдад маш их хүлээлт үүсгэсэн байсан. Улс орны га­даад болоод дотоод эдийн за­сагт хүндрэлтэй, хямралтай нөх­­цөл байдал үүсчихсэн бай­сан уч­раас хөрөнгө оруулагч­дын­хаа ит­гэ­лийг яаж сэргээх вэ гэ­дэг асуу­дал хүлээлт үүсгэж бай­лаа.

Өнгөрсөн 2012 оны хөрөнгө оруулалтыг 2013 онтой харьцуулаад үзэхээр гадаадын хөрөнгө оруулалт 42 хувиар буурчихсан байсан. Үнийн дүнгээр бол 1.8 их наяд төгрөгөөр буурсан байсан. Ийм хүнд нөхцөл үүссэн учраас хөрөнгө оруулалтын орчинд тодорхой ахиц дэвшил гаргах, тэдний итгэлийг сэргээх арга хэмжээний нэг нь энэ хууль байлаа.

Урьд нь хөрөнгө оруулагчдыг гадаад дотоод, том жижиг гэж ялгадаг байсан бол энэ хуулиар ингэж ялгадаг байдлыг алга болголоо.

Оруулсан хөрөнгөнийх нь их багаас шалтгаалан татварын тогтвортой орчноор хангах, төрөөс дэмжиж байгаа салбаруудад хөрөнгө оруулалт хийвэл татварын орчин тогтвортой байх, одоо мөрдөгдөж байгаа Татварын хуулиар хөнгөлөлт эдлэх, хөдөө орон нутагт хөрөнгө оруулалт хийсэн бол тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэх зэрэг давуу талтай заалтууд орсон.

Хөвсгөл аймагт дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа хүн, Баян-Өлгий аймагт мөн тооны хөрөнгө оруулалт хийж байгаа хүн, эсэргээрээ нийслэлд 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь нөхцөл байдлын хувьд шал өөр шүү дээ.

Тиймээс бүсээр нь ангилж, алслагдсан бүсэд хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүсийн татварын тогтвортой орчныг уртасгах зэргээр давуу талтай боломжийг бүх хөрөнгө оруулагч нарт өгснөөрөө энэ хууль ач холбогдолтой, чамбай хууль болсон гэж дүгнэсэн.

-Хууль эрхзүйн хувьд тогтвортой орчныг нь бүрдүүлж өглөө гэж ойлгож байгаа. Татварын хөнгөлөлтүүд, хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг гишүүдийн 3/2-ын саналаар шийднэ гэх мэтээр…?

-Улс төр, эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй байдаг учраас савалгаа үүсээд байгаа юм. Хөгжлийн урт удаан хугацааны бодлогогүй, гаргасан эрхзүйн бодлого нь дандаа савалгаатай байдаг. 2012 оноос хойш татвартай холбоотой 20 гаруй хуульд өөрчлөлт оруулчихсан байх жишээний.

Энэ бол их тогтворгүй байгааг харуулж байна. Хоёрдугаарт, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид Монголын татвар өндөр биш ээ, хамгийн гол нь татварын орчин нь тогтворгүй байдаг гэж тайлбарладаг. Тиймээс бизнес явуулахад их хүндрэл үүсдэг.

Цаашдаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн гол амин сүнс нь татварын орчныг тогтвортой байлгая гэдэг асуудал юм. Татварын нийт 50 гаруй хувийг бүрдүүлдэг гол нэрийн татваруудыг тогтворжуулах үзэл баримтлалыг цаашид барьж ажиллана.

-Таны хувьд татварын орчныг тогтворжуулахтай холбоотой заалт оруулж ирсэн ч хэсэг бүлгийн томоохон компанитай нөхдүүдийн эрх ашгийг хамгаалсан гэж үзээд хэлэлцээгүй. Энэ заалтыг яагаад оруулж ирэх гэж зүтгэсэн юм бэ?

-Ганц би биш. МАН-ын зүгээс энэ байр суурийг гаргасан. Гол дүгнэлтээ л бид ингэж хийсэн. Монголд шинээр татвар үүсэх эрсдэл байдаг. Энэ нь хөрөнгө оруулагчдад том эрсдэл дагуулах учраас тэрнээс хамгаалах нь зүйтэй гэж үзсэн. Дотоодоос үйлдвэрлэж гаргаж байгаа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт нөлөөлнө, цаашлаад хөрөнгө оруулалт хийж байгаа улсуудын анх ТЭЗҮ боловсруулахад бүтээгдэхүүний шууд өртөгт нөлөөлөх татвар гарч ирэх болно.

Тухайлбал, 68 хувийн татвар, Агаарын бохирдлын татвар гэх мэт. Энэ мэт шинэ татваруудыг гаргаж ирэхгүй байх, гэхдээ Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 12 төрлийн татвар нь нэмэгдэх боломж нь байж байгаа.

Цаашид татварын тогтвортой орчныг бүрдүүлэх гэж байгаа бол гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад цоо шинэ нэр төрлийн татварын орчин нөхцөл гарч ирэхэд УИХ-ын гишүүдийн 3/2-оор хэлэлцдэг болъё гэдэг санаа гаргасан хэрэг. Одоогийн байгаа татварын орчинг бус, хаана ч байхгүй цоо шинэ татварын орчин нөхцөл хөндөгдсөн тохиолдолд ингэж шийдэх боломж байсан.

-Хүлээлт үүсгэсэн Алтны ил тод байдлын тухай хууль, “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх Журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал цаашаа явах нь уу. Ажлын хэсэг томилогдож нэлээд сайн ажилласан гэсэн?

-Манай бүлэг ашигт малтмалд тухай бүрт нь хууль байж болохгүй гэх байр суурийг баримталж байгаа. Алтны, зэсийн, жоншны, нүүрсний гэх мэтээр салгасан хууль байж болохгүй. Монгол Улсад Ашигт малтмалын гэх ганцхан л хууль байх ёстой.

Засгийн газраас УИХ-д өргөн барьчихсан байгаа Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг гэдгээ эхлээд баталчихмаар байна. Ер нь цаашдаа Монгол Улс эрдэс баялгийн салбарт ямар бодлого баримтлах юм гэдгээ баталчих хэрэгтэй.

Тэгээд дараа нь өргөн барьсан байгаа хуулийнхаа асуудлаар ярилцах ёстой. Бие даасан хуультай байх юм уу, эсвэл Ашигт малтмалын ганц хуультай байх уу гэдгээ ярих учиртай юм.

-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг хойшлуулах ёстой гэх байр суурийг зарим бүлэг илэрхийлж байна. Ингэх боломж байна уу?

-Хойшлуулж болохгүй. Аль болох түргэн хугацаанд батлан гаргаж үүсээд байгаа нөхцөл байдлуудаас гарах тодорхой шийдлүүдийг олох учиртай юм.

-Баасан гарагийн чуулганаар Ерөнхий сайд мэдээлэл хийхэд МАН-ын бүлгийн гишүүд хуралдааныг орхиж гарсан нь хэр үндэслэлтэй юм бэ. Дэгийн тухай хууль зөрчсөн гэх шалтгаан хэлж байсан?

-УИХ-ын Дэгийн тухай хуулийг зөрчсөн. Дэгийн тухай хуулиар бол Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ цөөнхийн бүлгийн гишүүдэд долоо хоногийн өмнө бичгээр мэдэгдсэн байх ёстой юм.

Бичгээр хүлээж авчихаад Ерөнхий сайдыг мэдээлэл хийсний дараа цөөнхийн бүлэг дүгнэлтээ 25 минутад багтааж унших ёстой. Гэтэл хоёр хоногийн өмнө материалаа өгсөн.

Энэ жилийн хөрөнгө оруулалт, валютын ханш, бондын мөнгөний зарцуулалт, төсвийн тодотгол зэрэг амин чухал мэдээллүүдийг өгсөн мөртлөө цөөнхийн бүлэгт УИХ-ын дэгээр олгосон боломжийг нь өгсөнгүй. Тиймээс бид мэдээлэл хийж байгаа хуралд оролцоогүй.

-Засгийн газраас оруулж ирсэн 2014 оны Төсвийн тухай хуулийг судлаж байна уу. Ирэх жилийн төсөвт гадаадын том өр зээлийг төлж эхлэх зэргээр нэлээд дарамт учрах бололтой?

-Энэ асуудлаар ажлын хэсэг гаргахаар бүлгийн хурал дээр ярьсан. 2013 оны төсөвт дүгнэлт хийнэ. 2013 оны төсөв бол МАН-ын бүлэг байгуулагдаагүй, МАН-ын бүлгийн гишүүд байнгын хороонд ороогүй байхад батлагдсан учраас эргээд энэ төсөв нь эдийн засагт ямар их сөрөг нөлөө үзүүлэв гэдгийг бид дүгнэж ярилцана.

Төсвийн орлогыг маш эерэг, өөдрөг төсөөллөөр харснаас болж их хэмжээний зардал ирж байгаа юм. 2014 оны Төсвийн төсөл нь хөрөнгө оруулалтыг таначихсан байгаа. Хөрөнгө оруулалтыг танана гэдэг бол бизнесийн орчныг муутгаж байна гэсэн үг шүү дээ.

Олон зуун мянган хүн ажлын байртай болох орчныг хааж байгаа юм. Тийм учраас хөрөнгө оруулалтыг танах биш харин танаж болох үйл ажиллагааны зардал, данхайсан бүтэц, орон тоонуудаа багасгах чиглэл рүү явах ёстой. Мөн цалин хөлсний асуудлыг ярих хэрэгтэй.

Инфляци нэмэгдээгүй гэж байна. Гэтэл амьдрал дээр гол нэрийн 20 гаруй бараа бүтээгдэхүүний үнэ өсчихөөд байна. Тиймээс өсөлттэй уялдуулж цалин хөлсийг нэмэх талаар ярих ёстой. Бүлэг дээр ажлын хэсэг гарсан. Ер нь 2014 оны Төсвийн өргөн барьсан хууль, Засгийн газраас өргөн барих гэж байгаа 2013 оны Төсвийн тодотголын тухай хууль, Монголбанкнаас өргөн барьсан Мөнгөний бодлогыг нэгмөсөн өргөн барих ёстой.

Нөгөө талаас УИХ-ын даргын захирамжаар гарсан Эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсгийн дүгнэлтийг манай намын бүлгээс шахаж дөнгөж Эдийн засгийн байнгын хороон дээр сонссон. Үүнийг чуулганаар хэлэлцээд, УИХ-аас эдийн засгийн хямралаас яаж давах вэ гэдэг бодлогоо тодорхой болгож шаардлагатай бол тогтоол гаргах ёстой гэж үзэж байгаа.

Ингэснээр 2014 оны Төсвийн тухай хууль, 2013 оны Төсвийн тодотгол хийх тухай хууль, Монголбанкнаас өргөн барьсан 2014 оны Мөнгөний бодлого, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн УИХ-ын тогтоолын төслийг зэрэг хэлэлцээд явах нь зөв гэж үзэж байна.

-Ярилцлагынхаа сэдвээс хазайгаад хэдэн зүйл тодруулмаар байна. Хөвсгөл аймаг нэг жилийн хугацаанд хуучин Засаг даргатай явлаа. Тойргоос нь сонгогдсон гишүүний хувьд энэ асуудлыг хэр анхаарч байна вэ. Асуудал шийдэгдэх нь үү?

-Улс төрийн нөхцөл байдлаас хандаад байна.

Ерөнхий сайд хоёр удаа хууль зөрчиж тогтоол гаргачихаад хууль зөрчсөн гэдгээ мэдэнгүүт тогтоолоо хүчингүй болгосон. Сая Улсын дээд шүүхийн тогтоол гарсан. Засаг даргад нэр дэвшүүлсэн ИТХ нь хүчингүй гэх үндэслэлээр хуралдаад Засаг даргад нэр дэвшүүлсэн ИТХ нь хүчинтэй юм байна гэдэг шийдвэр гарсан.

Үүний дагуу бол Ерөнхий сайд эрх хүлээхээс гадна үүрэг хүлээсэн байгаа. Ямар үүрэг хүлээсэн бэ гэхээр, Орон нутаг түүний засаг захиргааны нэгжийн тухай хуулиар ИТХ-аас дэвшүүлсэн хүнийг томилох үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэх учиртай.

-Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Улсын дээд шүүх ийм шийдвэр гаргасан гэсэн үг үү. Н.Алтанхуяг сайд шийдвэртэй танилцсан уу?

-Тэгсэн. Өнгөрсөн даваа гарагт ийм шийдвэр гаргасан. Цаашдаа давж заалдах асуудал байхгүй болсон. Нэгэнт Дээд шүүх ийм шийдвэр гаргасан учраас Ерөнхий сайд ч бай хэн ч байсан дагаж мөрдөх л болно. Засаг даргыг батламжилсан ИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайд батламжлах ёстой.

Энэ нь хуулиар олгогдсон үүрэг. Ерөнхий сайд шүүхийн шийдвэрийг хүлээж байсан. Шүүхийн шийдвэр Ерөнхий сайдын эсрэг гарсан учраас хуулиа хүндлээд үүргээ биелүүлэх байлгүй дээ.

-Төрийн албанд гурван жил ажиллаагүй, цэрэгт яваагүй гэсэн шалтгаан бас хэлээд байсан?

-Тэгвэл Баянхонгор, Төв аймгийнхаа Засаг даргыг татаж авах хэрэгтэй. Огцруулах үндэслэл нь байгаа биз дээ. Ингэж алагчилсан үзэлтэй байж болохгүй. Хэдийгээр АН-ын дарга ч гэсэн Монгол Улсын Ерөнхий сайд ч гэдэг утгаараа хуулийг хүндлэх учиртай.

-МАН-ын Их хурлын эргэн тойронд ямар мэдээлэлтэй байна. Намын удирдлагыг ямар хүн байгаасай гэж хүсч байгаа вэ?

-Намын Их хурал хэдэн зуун мянган гишүүдийн дунд болоод өнгөрчих хурал биш. Улс орныг хөгжүүлэх, нийгэм эдийн засгийн ямар бодлого барьж чадвал энэ улс хөгжих вэ гэдгийг бид ярилцана. Улс орныг хөгжүүлж, эрх барьж байсан нам анх удаа сөрөг хүчин боллоо.

Тэгэхээр цаашдаа улс орны хөгжлийн бодлогын баримт бичгийг сөрөг хүчний зүгээс гаргаж тавих болно. Энэ маш чухал асуудал. Мөн дүрмээ өөрчилнө. Нам эрх барьсан үед ямар зохион байгуулалттай байх. Сөрөг хүчин болсон үед ямар бүтэц зохион байгуулалтаар ажиллах вэ гэдгээ ярилцана.

Өөрөөр хэлбэл, тоглоомын дүрмээ маш тодорхой болгосны дараа одоо байгаа намын удирдлага өөрчлөгдөх үү гэдгээ ярилцана. Бүтэц зохион байгуулалт, намын даргын үүрэг роль, Ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг ярилцахаар энэ асуудал тодорхой болох болов уу.

Б.ӨНӨРТОГТОХ

Эх сурвалж: www.mminfo.mn

2013.10.08

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-08 202.70.42.102

Мундаг юмаа энх-амгалан гишүүүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж