-Гүйцэтгэх засаглалын тэргүүн бондын хүүнд их мөнгө төлж байгаа нь худал гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн шүү дээ. Гэтэл ажлын хэсэг дүгнэлтэд дурьдагдсанаар нэлээд өндөр үзүүлэлт гарсан байх юм. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Сангийн яам, Монголбанкны мэдээллээр Монгол Улсын Засгийн газрын гадаад өр өнөөдрийн байдлаар 6.7 их наяд төгрөгтэй тэнцэхүйц хэмжээнд хүрсэн. Үүний гурван их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний өр нь 1990-2012 оны хооронд буюу сүүлийн 20 жилд үүссэн өр. Хөгжлийн банкнаас өнгөрсөн зургадугаар сард 580 сая ам.долларын бонд гаргасан, шинэчлэлийн Засгийн газар мөн оны өмнөхөн гадаад зах зээлд 1.5 тэрбум ам.долларын бонд гаргасан. Үүний хүүгийн өр нь өдөрт 270 орчим сая төгрөгийн хүү үүсгэж байгаа. Нөхцлийн хувьд “Чингис бонд”-ын 500 тэрбумынх нь хүүг таван жилийн дотор төлөх бол нэг тэрбумыг нь 10 жилийн хугацаанд багтааж төлөх ёстой. Арванхоёрдугаар сарын 6-нд “Чингис” бондын гүйлгээ хийгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар зөвхөн хүүнд найман тэрбум төгрөгийг төлөх тооцоо гараад байна.
-Түүнчлэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг бондын хүүгийн алдагдлыг багасгахаар бондын эх үүсвэр зарцуулагдах хүртэлх санхүүгийн менежментийн гэрээг Монголбанктай хийсэн гэдгээ ч хэлж байсан шүү дээ?
-МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд “Чингис бонд”-ын ашиглалтыг хэрхэн үр ашигтай болгох вэ гэдэг дээр гол анхаарлаа хандуулж байна. Тиймээс энэ асуудлаар Ерөнхий сайдаас мэдээлэл сонсохыг хүссэн ч бүлгийн нь хуралдаанд оролцоогүй. Гэхдээ Монголбанкны ерөнхийлөгч бүлэгт бондтой холбоотой асуудлаар мэдээлэл хийх үеэрээ “1.5 тэрбум ам.долларын бондын санхүүгийн менежмэнтийн гэрээг төв банк Засгийн газартай хийхээр нөхцлүүдээ тохирч байгаа гэсэн. Харин Ерөнхий сайд энэ гэрээг хийчихсэн гэж УИХ-д мэдээлэл хийх үеэрээ худал ярьсан болох нь. Энэ бол Засгийн газрын тэргүүний хувьд маш хариуцлагагүй алхам болсон гэж ажлын хэсгийн гишүүд үзэж байгаа.
-Монголбанк Засгийн газартай тодорхой нөхцөл тохирч байгаа гэлээ. Яг ямар нөхцөл тохирч байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой юу?
-Ямар нөхцлөөр байршуулах гэж байна гэхээр 1.5 тэрбум ам.долларынхаа 500 орчим сая доллартай тэнцэх мөнгийг дотоодын арилжааны банкинд байршуулах. Үлдсэн нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг гадаадын банкинд барйшуулах судалгаа хийж Засгийн газартай тодорхой нөхцөл тохирч байгаа гэдгээ төв банкны Ерөнхийлөгч хэлсэн.
-Энэ хэмжээний мөнгийг Монгол Улс дотооддоо шингээх боломж бололцоо бий юу. Та бүхэн энэ талаар судалгаа хийсэн үү?
-Эрх баригчид мэдээллээ бүрэн гүйцэд өгөөгүй байна. Одоогийн байдлаар хагас жил тутамд 35 сая ам.долларыг төлөх ёстой болоод байгаа. Одоо ярьж байгаачлан 500 сая ам.долларыг дотоодын банкинд байршуулна гэх. Бидний хардаж байгаагаар арилжааны банкууд нь Засгийн газрын бондыг худалдаж авна. Нэг ёсны Засгийн газар нь гаднаас олж ирсэн мөнгөө арилжааны банкнаасаа мөнгө хүүлэх хэлбэр рүү шилжиж мэдэх юм.
-Гэвч бодлогын зөвлөл гэж бас бий шүү дээ?
-“Чингис бонд”-ын зарцуулалтад хяналт тавих зорилгоор бодлогын зөвлөл байгуулсан. Ерөнхий сайд ахлаад, Санхүүгийн зохицуулах хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар гээд тал талаас төлөөлөл оролцсон. Гэхдээ сөрөг хүчний зүгээс төлөөлөл оруулаад ил тод ярилцаж энэ их мөнгийг хэрхэн зөв менежмэнт хийж явах вэ гэдгээ ярих ёстой гэж бид үзэж байгаа.
-Монгол Улсын эдийн засагт 1.5 тэрбум ам.долларыг шингээх боломж бий юу?
-Хэцүү. Эрсдэл их гарна. Бид төв банкны ерөнхийлөгчөөс энэ талаар тодруулахад “Тооцоо хийгээгүй байгаа. Макро эдийн засгийнхаа төлөв байдлаас хамаараад мөнгөө бага багаар эдийн засагтаа шингээх байдлаар гаргана” гэсэн. Тэгэхээр төсвийн тодотгол хийж, хүүг нь төсөвт суулгах байх. Монголбанк шууд шийдээд явах боломжгүй. Нөгөө талдаа Монголбанкны бодлогын хүү 13 хувьтай байгаа. 13 хувийн хүүтэйгээр дотооддоо байршууллаа гэхэд энэ их хэмжээний мөнгийг хүүг байршуулах боломжгүй, гадаадад байршууллаа гэхэд 4.7 хувиар байршуулах боломжгүй. Тэгэхээр Засгийн газар тэрхүү сайхан хөтөлбөрөө хэрэгжтэл Монголбанк энэ хэмжээний алдагдлыг үүрээд явахаас өөр аргагүй. Энэ бол Монгол улсын алдагдал гэсэн үг.
-Бондын зарцуулалтыг үр ашигтай болгохын тулд одоо яах ёстой гэж үзэж байна вэ?
-Ямар, ямар төслийг санхүүжүүлэх вэ гэдгээ УИХ-аар хэлэлцүүлж байх нь зүйтэй гэсэн хатуу байр суурьтай байгаа, УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд. Тийм учраас гаднаас босгож ирж байгаа хөрөнгөөр ямар төслийг санхүүжүүлэх вэ гэдгийг тодорхой болгох хуулийн төслийг УИХ-д санаачилж өргөн мэдүүлэн батлуулах хүсэлтэй байгаа.
Эх сурвалж: www.nud.mn
2013.02.15