-“Самурай” бондын эхний ээлжний мөнгө манай дансанд орж ирсэн гээд байгаа. Гэхдээ энэ талаар олон нийтэд тодорхой мэдээлэл хомсхон байна?
-Бондын эхний санхүүжилт өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ний өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны дансанд орж ирсэн. Нийт 30 тэрбум иенийг авахаар болсон. Эхний ээлжний 24,3 тэрбум иен манай дансанд орсон байгаа. Бусад санхүүгийн эх үүсвэрүүдийг бодвол бага зардалтай бүтсэн.
-Бондын мөнгийг аль аль банкинд хэдий хугацаагаар ямар хүүтэй байршуулсан бэ?
-Бондын мөнгийг ХААН, Худалдаа хөгжлийн банкуудад байршуулсан. Хүүгийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Ямар ч гэсэн эргэж төлөх бондын зардлыг нөхөх хэмжээний хүүтэй тэнцэхүйцээр байршуулсан.
-Япон улс батлан даалт хийсний татвараа 10 жилийн хугацаанд бондын мөнгөнөөс суутгаж авсан гэсэн мэдээлэл байгаа?
-Японы олон улсын хамтын ажиллагааны банк баталгааны шимтгэл гэж 5.7 тэрбум иенийг суутгаж авсан. Нийт 10 жилд гарах эрсдэлийн зардал гэсэн үг. Энэ нь бидэнд ямар давуу талыг олгож байгаа гэхээр Монгол Улс цаашдаа зөвхөн 1.52 хувийн хүүг төлөх болж байгаа юм.
-Япон улсын зуучлалын компаниудад шимтгэл төлсөн гэсэн хэр хэмжээний шимтгэл төлсөн бэ. Дэлхийн жишгээр зуулчлалд гурван хувийг нь өгдөг гэсэн шүү дээ?
-Манай андеррайтер /зуучлал/-ыг Япон улсдаа дээгүүрт орох үнэт цаасны хөрөнгө оруулалтын хоёр компани байсан. Зуучлалын хоёр компани нь зөвхөн бонд гаргах нь амжилттай болсон тохиолдолд тодорхой хэмжээний хураамж авдаг. Тиймээс 0,1 хувиар зуучлалын хөлсөө тооцсон. Бусад бонд болон олон улсын жишигээс бага хувиар тооцсон гэсэн үг юм.
-Бондын үндсэн төлбөрийг хэзээнээс, ямар графикаар төлж төлж эхлэх вэ?
-Үндсэн төлбөрийг бондын хугацаа дууссаны дараа буюу 10 жилийн дараа үндсэн төлбөрийг нэг дор өгнө. Энэ бол олон улсад бонд гаргадаг зарчим. Хөрөнгө оруулагчдад 1,52 хувийн хүү төлнө. Эргэн төлөлтийг үйлдвэржилтээс гаргана гэж тооцоолж буй.