-Алтны салбарын асуудлыг таны хувьд хэрхэн дүгнэж байна вэ. Цаашид ямар арга авах ёстой вэ. Энэ асуудал дээр өөр байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Хамгийн их тулгамдсан асуудалтай салбар нь алт олборлогчид байна. Монгол Улсын алтны олборлолт эрс буурсан байдалтай байна. Нөгөөтэйгүүр, Монгол Улс асар их валютын хомсдолтой шүү дээ. Манай гадаад өр 18.1 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Засгийн Газар, Монголбанк, арилжааны банкууд, аж ахуйн нэгж оролцоод ийм өртэй байгаа юм байна. Нөгөө талдаа валютын хомсдолтой холбоотой байх. Тэгэхээр үүний балансыг барих зүйл нь юу байна гэхээр алтны салбар юм. Эрх баригчид зөвхөн гадаад зээлээр аргалаад байгаа шүү дээ.
Тодруулбал, 1990-ээд онд нийгмийн томоохон шилжилтийг бид туулсан. Энэ үед нийгэм цаг үе ямар хүнд байсныг хүн бүр санаж байгаа. Харин энэ үед төрөөс алт хөтөлбөрийг санаачилж, түүний үр дүнд Монгол Улс жилдээ 20 орчим тонн алт олборлож Монголбанкинд тушаадаг болсон.
Тиймээс эдийн засгийн өсөлтөө хангаад зогсохгүй гадаад худалдаанд шаардлагатай валютаа дотоодоосоо бий болгодог байсан. Сүүлийн үед уул уурхайн салбар буюу тэр дундаа алтны салбарт томоохон эрх зүйн өөрчлөлтүүд гарсан байгаа. Түүнтэй холбоотой алтны тушаалт эрс багассан байгаа. Улмаар валютын орлого ч гэсэн багассан байна. Өнөөгийн төр засаг Монгол Улсаа барьцаалсан өрийн бичгээр гадаадын зах зээлтэй харилцаж байна шүү дээ.
-Алтны худалдааны ил тод байдлын тухай үйл ажиллагаа нь сулраад байгаа алтны салбарыг дэмжинэ, тэтгэнэ гэсэн хүлээлт байсан. Гэтэл дэмжлэг авч чадалгүй хууль нь уначихсан. Ингэж унасан шалтгаан юу юм бол?
-Энэ салбартай холбоотой хүлээгдэж томоохон хууль байгаа. Тэр нь Алтны худалдааны ил тод байдлын тухай хууль юм. Түүнчлэн Эрдэс баялгийн салбарт баримтлах төрийн бодлого ч бий. Тэгэхээр Алтны ил тод байдлын тухай хуулинд олборлолт, тушаалт, байгаль орчин, ногоон хөгжлийн тэнцвэрийн асуудлыг тодорхой суулгаж өгч чадах байх.
Үүнээс өөр гарц харагдахгүй байгаа юм. Түүнчлэн гадаад дахь зээл маань үүнээс хэтрэх юм бол Монгол Улсын гол гол үзүүлэлтүүд нь хүндэрнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчин муудах зэрэг сөрөг үзүүлэлт байгаа.Тэгэхээр алтны салбарыг ашиглах боломжтой.
Гэхдээ эрүүл аргаар олборлолт явуулдаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, алт олборлогчдыг хариуцлагатай болгох, байгаль орчин нөхөн сэргээлтийн асуудлыг тодорхой байлгах, Монголбанкинд алтаа заавал тушаадаг болгох хэрэгтэй. Түүнчлэн олон мянган хууль бусаар алт олборлодог нинжа нарын асуудлыг зохион байгуулалтад оруулахгүй юм бол манай улсын эрдэс баялгийн салбар тэр дундаа алтны салбар дур зоргоороо авирладаг нөхдүүдээр дүүрдэг байж таарахгүй.
Улмаар энэ салбарынхан маань улс орныхоо хөгжлийг харсан, үйлдвэрээ байгуулдаг, дэлхийн зах зээлийн ерөнхий хандлагатайгаа тооцож, том зурган дээр тооцоолж үзэх ёстой. Түүнчлэн томоохон орд, лицензүүд гадныханы гарт байна. Энэ нь бол төрийн бодлогын алдаа.
-МАН-ынхан лобби хийж байж алтны ил тод байдлын тухай хуулийг унагачихлаа гэсэн мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?
-Хуулийн эрх зүйн орчин ямар ч хангалтгүй түүхий байсан. Өөрөөр хэлбэл, түүхий хууль байсан шүү дээ. Тиймдээ ч олонхийн дэмжлэг авч чадаагүй. Манай намын зүгээс улс төрийн шантааж хийж хуулийг унагасан зүйл байхгүй. Энэ хууль дээр манай намын олон хүн ажиллаж байгаа.
Нөгөөтэйгүүр, Оюутолгойн гэрээг хөнгөлөх асуудал давхар байгаа юм. Оюутолгойн компанид хөрөнгө оруулалт, экспортын асуудлаар ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэхгүй. Тэдэнд хангалттай хөнгөлөлт үзүүлсэн. Гэрээгээ ч байгуулсан. Тиймээс дахин ийм боломжийг олгож болохгүй.