Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “С” хэсгийн ээлжит тулаан Йоханнесбург хотын “Эллис Парк” цэнгэлдэхэд өрнөж, АНУ болон Словенийн багууд тэнцэж, оноо хуваалаа.
Тоглолтын эхний 45 минутад Словенийн багийн хагас хамгаалагч Вальтер Бирса, довтлогч Златан Любиянкич нар гоолдсоноор ердөө хоёр дахь удаагаа дэлхийн аваргад тоосоо өргөж буй Словенийн баг түүхэндээ анх удаа шөвгийн 16-д багтах эрхээ өвөртөллөө гэж болохоор байв. Талбайд хүчтэй, уран чадварлаг тоглолт үзүүлж байсан тэдний гэгээн хүсэл харамсалтай нь сүүлийн хагаст унтарсан юм.
“ЛА Галакси”-гийн супер оддын нэг Лэндон Донован хоёрдугаар хагас дөнгөж эхлээд 48 дахь минутад дэлхийн аваргын шилдэг гоолуудын нэгийг оруулж, тооны харьцааг 2:1 болгон ойртуулсан. Харин тоглолтын эцсийн шүгэл дуугарахаас 10 хүрэхгүй минутын өмнө Жози Альтидор, Майкл Брэдли нарын хослол тэнцээний бөмбөгийг оруулж, багаа ялагдлаас аварсан юм.
Хоёр багийн эхний тоглолтын тухайд Словень 1:0-ээр Алжирийг хожсон бол Америкийн шигшээ 1:1 харьцаатай Английн багтай тэнцсэн билээ. Харин хэсгийн сүүлийн тоглолтын үр дүнгээс бүх зүйл шалтгаална. Ингэхдээ Словень хөлбөмбөгийн эх орон Английн шигшээтэй халз тулах бол Боб Брэдлигийн цэргүүдийг Хар тивийн нэгэн төлөөлөл болсон “Цөлийн үнэгүүд” хүлээж байгаа.
Одоогоор энэ хэсгийг Словень дөрвөн оноотой тэргүүлж байгаа бол Сэм авгынхан гурван оноотой удаалж байгаа юм.
Харин энэ хэсэгт сугалаа таарсан Англи болон Алжирийн багийн тоглолт удахгүй Кейптаун хотын төв цэнгэлдэхэд эхлэх гэж байна.
С.ЦЭЛМЭГ