“Шударга ёс” эвслийн бүлгийг Н.Батцэрэг удирдана

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

“Шударга ёс” эвслийн бүлгийг Н.Батцэрэг удирдана

Хуульд
зааснаар УИХ-ын дарга томилогдсон нөхцөлд 24 цагийн дотор багтаж УИХ
дахь намын бүлгүүд байгуулагдаж, энэ тухайгаа УИХ-ын даргад мэдэгдэх
ёстой. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын
“Шударга ёс” эвслийн бүлгүүд өчигдөр тус бүр хуралдаж бүлэг байгуулж
байгаа тухай албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлжээ. “Шударга ёс”
эвслийн хувьд бүлгийн даргаараа УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг томилсон бол
Ардчилсан намын бүлгийн хувьд аль эрт УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг
бүлгийн даргаар томилж буйгаа мэдэгдсэн. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн
хувьд УИХ-ын гишүүн Н.Энхболдыг бүлгийн даргаар сонгосноо мэдэгдсэн ч
анхдугаар чуулган хууль зөрчсөн гэсэн үндэслэлийнхээ хүрээнд УИХ-ын
даргад бүлэг байгуулах болсноо албан ёсоор илэрхийлээгүй байна. Өөрөөр
хэлбэл, хуульд заасан 24 цаг өнгөрчихөөд байна гэсэн үг. Тиймээс цаашид
асуудал хэрхэн өрнөх нь тодорхойгүй байна.

Хуульд зааснаар
улстөрийн нам, эвсэл нь парламентад наймаас дээш тооны суудал авсан бол
бүлэг байгуулах эрхтэй. Тэр дагуу энэ удаагийн сонгуулийн дүнд УИХ-д
гурван бүлэг байгуулагдаж, мөн тэр хэрээр УИХ-ын дэд дарга гурав
томилогдох болж буй ч МАН-ынхан албан ёсны шийдвэрээ гаргаагүй хэвээр
байгаа тул Төрийн ордныхон “МАН бүлэг ч үгүй, дэд дарга ч үгүй дөрвөн
жил УИХ-д суухаар болж байгаа юм биш байгаа даа” гэх үгийг чулуудаж
эхэллээ. 

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж