“Миний аав шантаажчин биш”

Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

“Миний аав шантаажчин биш”

Төрийн хамгаалалттай газруудад тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийн өмнөөс галт зэвсэг ашигласан, иргэдийг заналхийлсэн гэх хэргээр “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт 22 жил хорих ял, түүний хамсаатан болох дөрвөн хүнд шүүхээс ял оноосон нь багагүй дуулиан дэгдээгээд байна. Дүүргийн эрүүгийн хэргийн I  шүүхээс Ц.Мөнхбаяр нарыг зандалчлах буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулахын тулд шууд нөлөөлсөн, олон нийтэд айдас төрүүлсэн, хүч хэрэглэсэн, галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлүүдээр буруутган ийнхүү ялласан юм. Харин Ц.Мөнхбаяр нарын таван хүний ар гэрийнхэн, өмгөөлөгчид “Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохироогүй байхад хэдийдсэн ял оноосон” гэж үзэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгдээд байна.

“Миний аав бусдыг айлган сүрдүүлэн заналхийлж мөнгө аваагүй”

Шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун бус байгаагаа мэдэгдэж шүүгдэгчийн ар гэрийнхэн болон иргэний хөдөлгөөний гишүүд өчигдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр Ц.Мөнхбаярын хүү М.Эрдэнэ “Хууль хяналтын байгууллагаас зориудаар аавыг маань бусдыг дарамтлан, айлган сүрдүүлж мөнгө нэхдэг байсан тухай цуу яриа дэгдээсэн. Энэ нь шүүх хурлын үеэр нотлогдоогүй. Тиймээс Ц.Мөнхбаярт мөнгө өгсөн гээд байгаа “АУМ АЛТ” ХХК-ийн захирал н.Мягмардорж  миний ааваас уучлалт гуйх  ёстой. Эцэст нь бусдад гэм хор учруулаагүй, Монгол газар шорооныхоо төлөө тэмцэж байгаад ял сонссон аавыгаа шоронгоос л гаргаж авмаар” байна гэж хоолой зангируулан ярьсан юм.

“Миний нөхөр Ж.Ганболд хоёр ширхэг савангийн хайрцаг байрлуулах даалгавартай байсан”

Төрийн хамгаалалттай хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг байрлуулсан үйлдэлд нь шүүхээс 22 жил оноогоод байгаа Ж.Ганболдын эхнэр З.Энхсайхан нөхрийгөө ямар даалгавар анх авч, ажиллагаанд оролцсон талаар ийнхүү ярьсан юм. Тэрээр “Миний нөхөр Ж.Ганболдтой хэдэн хүн уулзаж “Хэд, хэдэн газарт хайрцагтай саван байрлуулах хэрэгтэй байна. Ингэж олны төдийгүй төрийн өндөр албан тушаалтнуудын анхаарлыг татаж байж л бид газар, шороогоо аврахаас өөр арга үлдсэнгүй. Тиймээс тус болооч” гэж гуйсан гэсэн. Хань маань ч ард нийтийн эрх ашиг,  тусын тулд гэж бодоод зөвшөөрсөн. Тэсрэх бөмбөг байсан гэдгийг мэдээгүй. Гэтэл одоо 22 жил шоронд хоригдох болоод байна. 50 нас хэдийнэ гарсан хүнд бусдад хор учруулаагүй байж хорь гаруй жилийг шоронд өнгөрөөнө гэж бодохоор би юунд итгэж, яаж амьдрахаа ч мэдэхгүй байна. Цаашид хандах бүх газарт хандаж, давж заалдах шатны шүүхүүдэд гомдол гаргана. Ард иргэдийг бидний дэмжинэ гэж найдаж байна” гэсэн юм.

“Гол нууруудын нэгдсэн холбоо”, “Оюутолгойн хяналт”, “Гал үндэстэн” зэрэг иргэний хөдөлгөөний гишүүдийн зүгээс “Хувийн ашиг сонирхлын төлөө бус нийтийн эрх ашгийн төлөө тэмцэж байгаа хүмүүсийг хамгаалах хууль манай улсад алга. Гадаадын бусад орнуудад энэ хууль нь тэмцэгчдээ хамгаалж байдаг юм билээ. Иймээс энэ тухай хуулийг яаралтай боловсруулж, батлуулах талаар ярилцаж эхлээд байгаа” гэдгээ мэдэгдлээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж