Н.Батцэрэг: Хөтөлгөө морь шиг ажиллах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2013.12.20-нд нийтлэгдсэн

Н.Батцэрэг: Хөтөлгөө морь шиг ажиллах хэрэгтэй

Өчигдөр
УИХ-ын үдээс өмнөх хуралдаан завсарласны дараа УИХ дахь “МАХН-МҮАН-ын
Шударга Ёс Эвсэл”, АН-ын бүлгийн удирдлагууд хамтарсан мэдэгдэл
гаргалаа.

УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлгийн
дарга Н.Батцэрэг мэдэгдэлдээ, өнөөдөр УИХ дээр сөрөг хүчнээс гаргасан
ааш авир тун зохисгүй үйлдэл гэдгийг цохон тэмдэглэлээ.

Тэрээр
МАН-ын бүлгийн гишүүдэд хандаж хэлэхдээ, ирцийн асуудал Монголын
парламентийн түүхэнд ганц өнөөдөр болж байгаа зүйл биш. Өнгөрсөн хорин
хэдэн жилийн турш ийм л байсан. Дэлхийн олон улс орны парламент энэ
асуудалтай тулгардаг байна. Бүгд л янз бүрийн арга замыг хайдаг.

Монгол
Улсын Их Хурал олон түмний өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа
дээшлүүлэхийн тулд цахим технологи ашиглан ирцийг бүрдүүлэх ажлыг
эхлүүлсэн. МАН-ын бүлгийн гишүүд үүнийг шалтаг болгон, өнөөдрийн
чуулганаар хэлэлцэх бүх асуудал дээр завсарлага авсан нь тун харамсалтай
хэрэг боллоо.

МАН-ын бүлгийн гишүүд дандаа улдан чангаадаг,
түгжин гацаадаг, ийм улс төрийн соёлыг сөрөг хүчний соёл гэж үзэхгүй.
Сөрөг хүчин бол шахаж, үр ашигтай хяналт тавих ёстой. Хэдий чинээ тэгж
чадна төдий чинээ олон түмний итгэлийг хүлээнэ. Өөрөөр хэлбэл, хөтөлгөө
морь шиг ажиллах хэрэгтэй. Хөтөлгөө морьны эзэн нь монголын ард түмэн.
Унасан морь нь эцэж, цуцах юм бол хөтөлгөө морио сэлгэж унаад л явдаг.
Хэрхэн сэлгэж унахаа монголын ард түмэн л мэднэ.

Иймд
улдан шагайдаг, чөдөрлөдөг ийм улс төрийн соёлоо өөрчлөх хэрэгтэй.
Нөхцөл байдлыг өөрөөр харах цаг болсон. Орчин цагийн улс төрд том том
өөрчлөлтүүд гарч, сөрөг хүчний улс төр бүхэлдээ өөрчлөгдөж байна.

Ингэж
чөдөр тушаа болсноор ард түмний эрх ашиг хохирч байна гэдгийг МАН-ын
бүлгийн гишүүд ойлгох хэрэгтэй. Нэмж хэлэхэд, Засгийн газрын гишүүдийг
огцруулах гэсэн асуудал байхгүй. УИХ-ыг бүрдүүлж буй олонхи хоёр сайдаа
хаацайлан авч үлдэж байгаа юм биш. Өнөөдөр төсөв, санхүү, эдийн засгийн
ажлыг хоёр сайдад үүрүүлж ажиллуулах нь эдийн засаг, төсөв, санхүүгийн
хүрээнд үүсээд байгаа хүндрэл бэрхшээлүүдийг даван гарна гэж бид харж
байна.

МАН-ын бүлгийн гишүүдэд дахин хандаж хэлэхэд, төрийн ажлыг
дэмий юмаар шалтаглан гацаалгүй, үдээс хойшхи болон маргаашийнхаа
хуралд орохыг уриалж байна гэсэн юм.

П.ОРГИЛСАЙХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж