Дэлхийн аваргын нээлтийн тоглолтдоо Ногоон тивийн багийг 4:0-ээр бут ниргэж, энэ жилийн дэлхийн аваргад хүчирхэг байгаагаа харуулсан Германы шигшээ харамсалтай нь хэсгийн хоёр дахь тоглолтоо Сербийн багтай хийж, ялагдал хүлээлээ.
Европын сонгон шалгаруулалтаас дуулиан шуугиантайгаар Өмнөд Африкийг зорих эрхээ авсан Сербийн жигүүрийн тоглогч Милан Йовановичийн эхний хагаст оруулсан гоол талбайд 10-уулаа хоцорсон Германы багийг хожиход хангалттай байв. Порт Элизабет хотын Нельсон Мандела Бей цэнгэлдэхэд болсон тоглолтын ердөө 36 дахь минутад Германы гол довтлогч Мирослав Клозе хоёр дахь шар картаар торгуулснаар талбайг чөлөөлж, “Машинууд” 10-уулаа үлдсэн бөгөөд хоёрхон минутын дараа сербиуд ялалтын гоолоо оруулсан юм.
Хоёрдугаар хагас эхлээд 60 дахь минутад Неманья Видич 11-ийн талбай дотор бөмбөгөнд гар хүрснээр Германы машинуудад тооны харьцааг тэнцүүлэх тун аятайхан боломж тохиосон боловч Лукас Подольскигийн гүйцэтгэсэн цохилтыг Сербийн хаалгач Владимир Стойкович амжилттай хааж чадсан.
Энэ ялагдал Германы багийн хувьд 1986 оны дэлхийн аваргаас хойш хэсгийн тоглолтод ялагдсан анхны тохиолдол нь байлаа. Сануулахад, 1986 оны ДАШТ-ий “Е” хэсэгт сугалаа татсан Баруун германчууд Данийн багт ялагдаж, улмаар хэсгээсээ хоёроор шалгаран гарсан ч финал хүртэл амжилттай тоглож, Аргентиний багт ялагдсанаар мөнгөн медаль хүртэж байсан билээ.
Харин ялалт байгуулсан Сербийн багийн хувьд эхний тоглолтдоо Ганын багт 1:0-ээр ялагдсан ч гол өрсөлдөгчөө хожсоноор байдал ашигтай болж ирлээ. Одоо тэд Германы хамт гурван оноотойгоор хэсгээ манлайлж байна.
Энэ хэсгийн үлдсэн тоглолт Гана болон Австралийн багийн хооронд маргааш болох бөгөөд хэрэв Ганачууд ялалт байгуулвал дараагийн шатанд гарах боломж нь бараг л бүрдэнэ, харин Ногоон тивийн багийн хожлоор өндөрлөвөл бүх багууд нэг хожил, нэг хожигдолтой болж, тэнцэх учиртай.
Өдгөө дэлхийн аваргын дэвжээнд “С” хэсгийн АНУ болон Словенийн шигшээ багийн тоглолт Йоханнесбург хотын “Эллис парк” цэнгэлдэхэд үргэлжилж байна.
С.ЦЭЛМЭГ