
МАН-ын зүгээс тавьсан энэхүү асуулга, хүсэлт үнэндээ цаг аргацаасан ядуухан, ямар ч үр ашиггүй зүйл байлаа. Учир нь ажил ярьж суухын оронд сандал ширээний хэрүүл хийж, хаалга үүд тоолж суугаа нь хэр хариуцлагатай зүйл вэ. Тэд хотын даргын өрөөнд ороход нийтдээ таван хаалга дамжиж байна гэсэн. Тэрхүү таван хаалгынх нь хамгийн эхнийх нь төв талбайн хажууд байрлах гурван давхар ЗДТГ-ын байр руу ордог хаалга. Энэ хаалгыг хүнд сурталын илэрхийлэл гэж үзэх үү хүйтэн жавар, салхи шуурганаас хамгаалсан орчин үеийн байгууламжийн орц, гарц гэх үү. Дараагийн хаалга нь үүднээс дээш өгссөн шат. Тэрийг хаалга гэдэггүйг хүүхдүүдээсээ асуучихсан бол эрхэм төлөөлөгчид шат гэдгийг нь мэдээд онигоонд орохгүй байлаа. Цааш хонгилын хаалга, өрөөний хаалга гээд гурван хаалга нэмэгдэнэ. Хэрэв хүй нэгдлийн үед дарга байсан гэвэл тэр цагт л хаалгагүй агуйд суудаг байсан болов уу.
Тэдний энэ таван хаалганы хариулт болгож хотын дарга өмнөх дарга нарын 100 метр шоо дөрвөн өрөөнд хэлтэсийн ажилчдаа байрлуулаад өөрөө нэг давхарыг 30 метр шоо дөрвөлжин өрөөнд орсон тухайгаа хэлсэн. Өмнөх даргын 180 сая төгрөгөөр авсан “lexus 570” машиныг хоёр удаагийн дуудлага худалдаагаар 180 саяас дуудуулсан ч авах хүн олдоогүй болохоор арга буюу хэрэгжлэж байгаагаа хэлнэ лээ. Ер нь иймэрхүү байдлаар хотын мэрийг боорлох гэсэн МАН-ын бүлэг эцэстээ өөрсдийнхөө булхай, луйвраа дуудуулаад авсан.
Уг нь МАН-ынхан монгол түмний уламжлалт цагаан сар болох гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, том оврын нийтийн тээврийн тасалбарын үнэ 500 төгрөг болж нэмэгдсэн зэрэг асуудлаар олонхидоо сануулга өгөх ёстой биш гэж үү?
НИТХ-ын МАН-ын бүлгийн гишүүдийг өнөөдрийн хуралдааны завсарлагаанаар А байрны гурван давхарт байх Засаг даргын өрөөтэй очиж танилцуулсан. Харамсалтай нь гоочлох гээд юм олдсонгүй юу эсвэл үнэхээр мэддэггүй юм уу, чулуу шиг өнгөтэй ханын цаасыг харчихаад “Тээр ингээд өрөөгөө битүү гантиглачихсан байгаа биз дээ” хэмээн хээв нэг хэлж байна билээ. Энэ нь ажил хийх сэтгэлгүй эсвэл ажил хийж мэддэггүй хүмүүсийг сонгочихсон юм биш биз дээ гэж эргэлзэхэд хүргэсэн.
Энэ бүхний эцэст Засаг дарга Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн “МАН-ын гишүүд үнэхээр албан тушаал, хэрүүл хоёрт дуртай” бололтой. Сонгуульт хугацааныхаа үлдсэн жилүүдэд аар саархан хэрүүл хөөцөлдөж, итгэж сонгосон иргэдийнхээ сэтгэл рүү ус цацаж байхаар яаж ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх вэ, хэрхэн хотоо бусдын нүдэнд өнгө гэрэлтэй байлгах уу гээд үндсэн ажлаа хийхийг сануулах нь илүүц биз.