Хүлээлт үүсгэсэн &#39&#39Өршөөлийн хууль&#39&#39

Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

Хүлээлт үүсгэсэн &#39&#39Өршөөлийн хууль&#39&#39

Айдас төрүүлж, хүлээлт үүсгэсэн ""Өршөөлийн хууль""

УИХ-аас «Өршөөлийн хууль»-ийг батлахыг шаардсан ард иргэд өнөөдөр 12:00 цагт төв талбайд хоёрдахь жагсаалаа зохион байгуулах юм гэнэ. Өнгөрсөн жил УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нарын гишүүд анх удаа УИХ-аас Өршөөлийн хуулийг санаачилсан. Өмнө нь бол Ардын их хурал, Ерөнхийлөгч санаачлан 1984,1991, 1996, 2000, 2006, 2009 онд өршөөлийн хуулиуд баталж байсан түүхтэй. Хэрвээ энэхүү хуулийн төсөл батлагдвал Монгол Улсын шоронгуудад байгаа нийт 8000 хүмүүжигчээс 3000 гаруй нь суллагдана. Мэдээж төсөлд тусгаснаар хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, нийгэмд хор аюул бага учруулсан хүмүүст хамаарах юм гэнэ.

Харин авлига авсан, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, онц ноцтой хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хамаарахгүй ажээ. Бүр тодруулбал гурав хүртэлх жилийн ялтай хүн бүрэн, 3-5 жилийн ялтай бол 50 хувиар хөнгөлөх, хохирлоо барагдуулсан байх гэх зэрэг заалт байгаа юм билээ.

Хамгийн сонирхолтой нь энэ хуулийг батлуулахыг хүсэгчид ардчиллын амин сүнс бол «Хүний Эрх» хэмээн ярьж, их л додигор алхаад байгаа. Гэтэл яг үнэндээ хэн нэгнийг зүв зүгээр явж байхад нь барьж, хориод шорон руу аччихсан тохиолдол өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрхзүйн хүрээнд байхгүй. Тодорхой хэмжээгээр хийсэн гэмт үйлдлийнхээ төлөө ял эдлэж, эрхээ хасуулсан хүмүүсийг хавтгайруулан өмгөөлөх нь хэнд ашигтай вэ. Тэдгээр гэмт үйлдэлд нь хэн нэгэн байтугай, хэсэг бүлэг хүмүүс хохироод үлдсэн нь эрхэм хууль санаачлагчид хийгээд, хийрхэн жагсагчдад хамаагүй хэрэг үү.

Жагсаал зохион байгуулагчдын зүгээс Монгол Улсад одоогийн байдлаар 7000-8000 хүн хорих ял эдлэж байна. Цагдаа, прокурор, шүүхийн байгууллагуудад хийсэн хэрэг нь хэзээ мөдгүй шийдвэрлэгдэх гэж байгаа сэжигтнүүдийн тоо 3000-4000 гэсэн судалгаа гаргажээ. Түүгээр ч зогсохгүй хүн амын дийлэнх хувь нь нэн ядуу учир нийгэмд булаалт, дээрэм, хулгайн гэмт хэргүүд зонхилдог, эдгээр хэрэгт ногдуулж байгаа ялын бодлогыг ч эргэж харах ёстой гэх шаардлага хашхираад жагсах сурагтай. Учир нь гэмт хэрэг өдүүлэгчид нь ядуугаасаа болж тэдгээрийг өдүүлээд байгаа бололтой юм.

Жилд 19000-22000 хүн гэмт хэрэгт холбогдож, 3000-4000 хүн хорих ялаар, 4000-4500 хүн тэнсэн харгалзах болон баривчлагдах ялаар, 9000- 10000 хүн торгууль болон, захиргааны хариуцлагаар шийдвэрлэгддэг гэж үзэхэд хоёр сая 900 мянган хүнтэй манай улсын хувьд 100 жилийн дараа нийт хүн ам нь бүгд хоригдоно гэсэн статистик тооцоог гаргачихаад байгаа юм байх.

Өөрөөр хэлбэл «Монгол Улс-Шоронжсон улс» болж байна гэнэ. 8000 хоригдлын цаана ах дүү, эцэг эх, хань ижил, үр хүүхэд, хамаатан садан гээд бодоход дунджаар 80 мянган хүний хүлээлт болсон энэ хуулийг батлах цаг нь болсон гэцгээн шаардаад байгаа. Тэгвэл тэр 8000 хүн хэнийг ч хохироогоогүй, мөрөөрөө гэлдэрч яваад эрх чөлөөгөө хасуулж, торны даана хоригдчихсон болж байна уу. Эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон хохирогч хэдээр тоологдох бол гэдгийг өнөөдөр жагсаж цуглан хийрхэхээр төлөвлөж байгаа хүмүүс тооцож үзсэн болов уу.

Эдийн засгийн гэмт хэрэгтэн хо¬хирлоо барагдуулсан гэж бодоход, хэн нэгний эрүүл мэндэд халдаж насаар нь эрэмдэг, зэрэмдэг болгочихсон этгээдүүд ял завшиж, хугацаанаасаа өмнө эрх чөлөөтэй болох ёстой юм уу.

Энэ мэтчилэн нийгмийн анхаарлыг татаж баахан гэмт хэрэгтнүүдийг толгой дараалан төрийн өршөөлд хамруулах гэж зүтгүүлээд байгаа хуулийн төслийг эсэргүүцэгчид ч цөөнгүй бий гэдгийг хатуухан сануулчихъя. Энэ хуулийг дэмжин баталснаар цөөн тооны хүн баярлах хэдий ч нийгэм даяараа айдас, хүйдэст автана гэдэгтэй маргах хүн гарахгүй л болов уу. Учир нь өмнөх Өршөөлийн хуулиудад хамрагдагсдын хэдэн хувь нь дахин гэмт хэрэгтэн болчихоод ял эдлэж байгаа билээ гэдгийг олон нийт гадарлаж л байгаа. Төрийн нэрийн өмнөөс өршөөгдсөң ч түүнийгээ ухаарч ойлгохгүй “аав”-ындаа буцаад заларсан этгээдүүдийн тоо хэдэн арваар тоологдохгүй гэдгийг хаа хаанаа санахад илүүдэхгүй. Гэмт хэрэг өдүүлсэн л бол төрийн гэсгээл хүлээж, ногдсон ялаа ядаж л гуравны хоёрыг нь бүрэн эдлэх л ёстой.

Б.ТӨГӨЛДӨР

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж