Нийслэлийнхэн нүүр хийх газаргүй боллоо

Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

Нийслэлийнхэн нүүр хийх газаргүй боллоо

Улаанбаатар чинь Утаанбаатар болсон гэх хэлц үг аятай яриа нийслэлийн иргэдийн дунд байх л ёстой асуудал юм шиг яригдаад өнгөрдөг сэдвүүдийн нэг болсон. Харин нийслэлд утааг үзэн ядсан ч нөхцөл байдалтайгаа эвлэрсэн хүмүүс олон байгаа бол хөдөөгийн иргэд нийслэлээс ирсэн утаатай хүмүүст дургүйлхэх болсон гэнэ. Цэвэр агаар амьсгалах гэж хотоос хөдөөг зорьсон иргэд үүнийг биеээрээ мэдрээд ирсэн талаараа ч ярьж байна. Тухайлбал, хөдөө амьдардаг ах дүү, хамаатан садангийндаа очсон хүмүүс “Ямар муухай өмхий утааны үнэр дагуулаад ирэв. Хотын утаа үнэртэж байх чинь. Хаанаас хэн утаа дагуулаад ирэв” гэж хэлүүлээд буцдаг болсон аж. Хэн л сайн сайхныг хүсэж очоод утаанаас болж муухай үнэртэйгээрээ дуудуулахдаа дуртай байв гэж, тийм биз дээ. Хотын соёл ярих гэхээр “Эхлээд наад үнэрээ арилга” гэж амаа таглуулсан хүмүүс ч байна.

Одоо цагаан сар ойртож нийслэлийн иргэдэд энэ асуудал хурцаар тавигдах шинжтэй болж эхэллээ. Өндөр настан, ах дүү нартайгаа золгохоор хөдөө очихдоо өнөөх муухай утааны үнэрээ юугаар дарж очих вэ.  “Эмээ, амар сайн уу” гээд хадаг барин золгохдоо хамрын самсааг нь шархиртал сүрчиг үнэртүүлээд орох нь л тохиромжтой арга байх. Нэгэнт нийслэлийн утааг бууруулж хүчрэхгүй байгаа юм чинь 22-ын товчоо, Баянзүрхийн товчоон дээр утааны үнэр, бохирдлыг цэвэрлэдэг ариутгалын газар байгуулж өгөөч гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооныхноос хүсье. Ингээд нийслэлээс гарч байгаа иргэдийн энгэр рүү нэгдсэн журмаар үнэртэй ус цацаад байвал хөдөө очоод улсынхаа нийслэлийг нүүр бардам магтаж ярих боломж бүрдэх гээд байна. Дээрээс нь хөдөөгийн иргэдийн “Нийслэл хот авах юмгүй муухай утаатай. Дарга нар нь юу хийж байдаг юм бол” гэх ойлголт үгүй болох сайн талтай. Энэхүү утааны асуудлыг шийдэхгүй бол хотын иргэд бид ёстой нүүрээ хийх газаргүй болж байна гэдгийг дахин дахин хэлье.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж