Алс баруун хязгаар Завхан нутгаас гурван удаа УИХ-д сонгогдсон төрийн дархан түшээ Д.Оюунхоролын төрсөн өдөр өнөөдөр тохиож, УИХ-ын дарга чуулган дээр баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлжээ. Хөдөө нутгаас сонгогчдын саналаар торойн гарч гурван удаа сонгогдоно гэдэг эмэгтэй хүний хувьд тийм ч амар даваа биш. Түүнийг анх парламентад сонгогдож байсан 2000 оны үед өнөөдрийнх шиг жендэрийн ойлголтоор эмэгтэйчүүдийг хүчтэй дэмжих хандлага байсангүй. Тэгэхээр ёстой л бор зүрхээрээ, эрчүүдтэй мөр зэрэгцэн Их хурлын босгоор алхаж орж ирсэн хүчирхэг эмэгтэй. Тиймдээ ч түүнийг “Төмөр хатагтай” гэлцдэг биз ээ. Нийгмийн халамж, анхаарал шаарддаг эмзэг бүлгийг дэмжих хуулиудыг санаачлан батлуулж, энэ чиглэлээр лобби хийхдээ гаргуун, жинхэнэ “Төмөр хатагтай”-н зангаа харин ч нэг гаргаж чаддаг гэж төрийн түшээд-ангийн нөхөд нь үнэлдэг юм билээ.
Д.Оюунхорол саяхан МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн суудлаа хүлээлгэж өгсөн. Тус холбоог хоёр жил хагасын хугацаанд удирдахдаа өмнө байгаагүй шинэ имижийг бүрдүүлж, бэхжүүлж, нийгэмд таниулж чадсан гэж саяхан болж өнгөрсөн НАМЭХ-ны VI чуулганы төлөөлөгчид сайшаажээ. Үнэхээр ч Д.Оюунхорол хатагтай зөвхөн НАМЭХ-д төдийгүй МАН, цаашлаад Монголын төрд тод томруун орон зайгаа нэгэнт бий болгожээ.
Г.ГЭГЭЭ