&#34Би Улаанбаатарын газраас нэг сөөмийг ч зараагүй&#34

Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

&#34Би Улаанбаатарын газраас нэг сөөмийг ч зараагүй&#34

УИХ-ын Дэд дарга М.Энхболдтой ярилцлаа.

-УИХ-ын сонгуулиас хойш бараг хагас жилийн дараа МАН албан ёсны бүлэгтэй боллоо. Бүлгийн зохион бай­гуулалтад орсон тул сөрөг хүчний үүргээ яаж гүйцэтгэх вэ?

-2012 оны УИХ-ын сонгуульд МАН Монголын нийт сон­гогчдын 40 орчим хувийн сана¬лыг авсан. Бид өнөөдөр УИХ-д 25 суудалтай байгаа. Үндсэн хуульд заасны дагуу МАН УИХ-д бүлэг байгуулан, үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж, УИХ, Засгийн газар, түүнийг бүрдүүлж буй улс төрийн хүчнүүдийн үйл ажиллагаанд байр суурь, санал бодлоо илэрхийлнэ. Дэмжих зүйл дээрээ дэмжиж, алдаатайг нь шүүмжлэн ажиллах ёстой. Энэ дөрвөн жил манай намын хувьд өмнөх хийж, бүтээсэн ажлыг тодорхой түвшинд нь байлгах, эдийн засгийн өсөл­тийг бууруулахгүй байх зорилтын үүднээс Засгийн газар болон түүнийг бүрдүүлж буй улс төрийн хүчнийг шахаж шаардан, хянаж ажиллах үүрэгтэй. Харам¬салтай нь өнгөрсөн дөрөв, таван сарын хугацаанд манай бүлгийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй, өнөөдрийг хүр­тэл байнгын хороонд ямар нэгэн төлөөлөл оруулахгүйгээр УИХ үйл ажиллагаагаа явуул¬сан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн дагуу УИХ-ын болон, Дэгийн тухай хуульд өөрчлөлт ороод, бүлэг байгуулагдлаа. Өнөөдөр манай намын Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу намайг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, гишүүдийн олонхиор баталсан. Цаашид УИХ-ын удирдлагын, улс орны хууль тогтоох дээд байгууллагын хүрээнд эв нэгдэлтэй байж, УИХ-аас өгөгд¬сөн үүрэг даалгаврын хэрэг­жилт биелэлтийг холбогдох байгууллага дээр нь хянаж, шалган ажиллана. Нөгөө талаа­раа МАН-ын бүлгээс гаргасан байр суурь, эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой гэж ойлгож байна.

-МАН одоо л албан ёсоор хяналтаа тавьж ажиллах боломж бүрдлээ. Гэвч Засгийн газрын бүтэц бүрэл­дэхүүнийг батлахаас эхлээд, улсын төсөв, орон нутаг болон Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн хуулиуд гэх мэт томоохон шийдвэрүүдийг сөрөг хүчингүйгээр нэгэнт батал­чихсан шүү дээ?

-2008 онд хамтарсан Засгийн газар байгуулагдаж, төрийн захиргааны байгууллагын бүт­цийн өөрчлөлтийг хийх комиссын даргаар би ажилла¬сан. 65 агентлаг, алба нэртэй байгууллагууд Засгийн газрын дэргэд байсан. Түүнийг 45 болгох санал боловсруулж, Засгийн газар, Ерөнхий сайдад танилцуулан, УИХ-д оруулж байлаа. Ингээд Засгийн газар дөрвөн жилийн туршид 45 агентлагтайгаар үйл ажиллагаа явуулсан. Яамны хувьд ч гэсэн 14 байсныг та бүхэн мэдэж байгаа. Харин энэ удаад яамны тоо нэмэгдсэн. Агентлагийн тоо нэг их нэмэгдээгүй ч, зарим нэгийг нь төрийн өмчийн аж ахуйн хэвшил маягийн байгууллага болгосон. Ерөнхийдөө ажил хариуцаж байгаа нэгжийн тоо буураагүй, зардал өсөх хэмжээнд хүрсэн байдлаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн батлагдан, үйл ажиллагаа явуулж байна. Тухайн үед нь бид байр сууриа илэрхийлж байсан. Төрийн аппарат ингэж их өндөр болсноор ажил сайжирсан уу гэвэл харамсалтай нь үгүй байна. Төрийн аппарат ийм өндөр зардалтай болсныг улсын төсвөөс харж болно. Өмнөх жилийнхтэй харьцуулахад зар­дал нь 1.1 их наяд орчим төг­рөгөөр өссөн. Энэ зард¬лын 300 орчим тэрбум нь бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдаж. Харин 700-800 орчим тэрбум төгрөг нь бусад зардалд орсон байна. Өөрөөр хэлбэл, 700-800 тэрбум төгрөгөөр төрийн байгууллагуудын зардал нэмэгдсэн төсөв батлагдлаа. Энэ байдлаас харахад төрийн машин данхайж байгаа. Данхайсан хэмжээгээрээ ажил сайжрах ёстой гэдэг шаардлагыг бид тавьж ажиллана.

-Өнөөгийн МАН үйл ажиллагаандаа сөрөг хүчин биш, эрх баригч намын байр суури­наас хандаад байна гэсэн шүүмжлэл бий. Цаашдаа МАН-ын бүлэг бүх асуудалд чөдөр болоод явчихвий гэсэн болгоомжлолд та ямар тайлбар өгөх вэ?

-Бид зөв зүйл дээр нь дэмжинэ. Өнөөдрийг хүртэл олон хуулийг дэмжиж ирсэн. Засгийн газрын мөрийн хөтөл­бөрийг бид дэмжсэн. Төсөв дээр ч гэсэн алдаа оноог нь хэлж өгөөд, дэмжсэн байгаа. Төсөв гэхэд л ямар их хэмжээний алдаа, давхардалтай орж ирсэн бэ гэдгийг Монголын ард түмэн мэдэж байгаа. Үүнийг засч, өөрчлөн, шинэчлэх ажилд бид оролцоод явсан. Бид эрх баригчдын биш сөрөг хүчний байр сууринаас ажиллаж байгаа. Цаашдаа ч энэ янзаараа ажиллах болно. Бүлэг байгуулагдсан тул бид сөрөг хүчний зүгээс яаж ажиллах вэ гэдэг олон улсын жишгээс тодорхой хэлбэрийг сонгон, зохион байгуулалтад орж ажиллана.

-МАН бүлгийн зохион байгуулалттайгаар хийсэн анх­ныхаа хуралдаанаас гаргасан нэг шийдвэр бол УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа нэг намаас нөгөө нам руу ордог байдлыг зохицуулах хуулийн төсөл санаачлах. Ийм хуулийн төсөл санаачлах болсон шалтгаан нь юу юм бэ. Магадгүй танай намын гишүүд өөр улс төрийн хүчин рүү орох болсонтой холбоотой юу?

-Манай намын гишүүд өөр нам руу орж байгаа. Мөн гишүүдийн эгнээ ч өргөжиж буй. Иргэн хүн улс төрийн сонголтоо хийн, аль нэг намруу орж гарах нь чөлөөтэй. Манай намын дүрмэнд ч гэсэн ийм харилцааг хүлээн зөвшөөрч зохицуулсан. Харамсалтай нь манай намын нэр дээр хууль тогтоох дээд байгууллага болон, орон нут­гийн удирдлагад сонгогдсон зарим нэг хүмүүс, бүрэн эрхээ батлуулж авсныхаа дараа улс төрийн намынхаа байр суурийг өөрчлөх явдал гарч байна. Энэ бол зөвхөн манай намд төдийгүй Монголын улс төрийн бүхий л хүчнүүдэд гарч байсан явдал. Би зөвхөн УИХ-ыг ярьж байгаа юм биш, орон нутагт ч гэсэн манай намаас нэр дэвшиж, Иргэдийн хурлын төлөөлөгч болчихоод, хамгийн гол асуудлууд дээр өөр байр сууринаас санал өгч, урвах нь сонгогчдын санал, хүсэл бодлыг хүндэтгэхгүй байгаа хэрэг. Мөн сонгогчдын саналыг хөсөрдүүлж буй үйлдэл. Төр захиргааны байгууллага бол сонгогчдын саналын дагуу бай­гуу­лагдах ёстой. Гэтэл МАН ялсан газар намын ганц, хоёр гишүүдийг урвуулан авч, иргэд олон түмний саналыг үгүй хийж байгаа нь гишүүдийн хариуцлагатай салшгүй холбоотой. Тиймээс бид цаашдаа ийм байдлыг улс төрийн намуудын хуулийн хүрээнд цэгцлэн, журамлах ёстой юм байна гэж үзэж байгаа.

-Бүлэг албан ёсоор бай­гуулагдсаны дараа намын Удирдах зөвлөлөөс тодорхой чиглэлээр сануулга гэж бай­сан. Ямар утгатай сануулга өгсөн юм бэ. Мөн Иргэний хяналтын зөвлөл байгуулахаар Удирдах зөвлөлөөс шийдвэрлэсэн байсан. Энэ нь сүүдрийн Засгийн газар байгуулна гэсэн үг үү?

-Удирдах зөвлөлөөс намын бүлэгт чиглэл өгч болно гэсэн дүрмийн заалттай. Гэхдээ бидэнд одоохондоо чиглэл өгөөгүй байна. Харин намын Удирдах зөвлөл, УИХ дахь бүлэг хоёр цаашдаа хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгээр сайн ярилцсан зүйлүүд бий. Ямар асуудлуудаа хаана, яаж боловсруулж, илэрхийлэх, хэрхэн ажиллах талаар хоёр талаасаа тохирсон. Иргэний зөвлөлийг олон улсын хэллэгээр сүүдрийн Засгийн газар гэдэг. Бид ямар нэртэй байхыг эцэслээгүй. Ямар ч байсан тодорхой зохион байгуулалтад орж, гишүүд өмнө нь ажиллаж байсан салбар, эсвэл эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу тухайн асуудалд тодорхой байр сууринаас хандана. Уг салбарт болж байгаа зөв, зүйтэйг нь дэмжин, болж, бүтэхгүйд нь анхаарал сануулга өгч ажиллах ёстой гэж бодож байна.

-МАН-аас гарсан гишүүд намын удирдлагуудын арга барил таалагдахгүй, үзэл бодлоо илэрхийлэхээр хавчин гадуурхдаг гэсэн тайлбарыг өгдөг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Манай нам гишүүдээ, тэр тусмаа УИХ-д сууж байгаа гишүүдээ хавчин гадуурхаж, ялгаж үздэг асуудал байхгүй. Гарсан хүн ямар шалтаг, шалтгаан хэлэх нь тухайн хүний хувийнх нь асуудал.

-Таныг УИХ-ын дэд даргад нэр дэвшсэнтэй холбогдуулан хотын газрыг хууль бусаар хувьчилсан гэх шүүмжлэлийг зарим гишүүн өгч байна. Мөн хот дээр газартай холбоотой асуудал маш их яригддаг. Тэр болгонд л таны нэр сонсогдож байх юм. Энэ бүхэнд та эцсийн байдлаар тайлбар өгөх болоогүй юу?

-Ер нь сүүлийн үед улс төрийн ямар нэгэн үйл ажиллагаа болох бүрт Улаанбаатар хотын газрын асуудлаар намайг холбож, ярьдаг зүйл бий. Би хотын захирагчаар долоон жил ажилласан. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад газар олгох, эзэмшүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж байсан. Ингэж шийдвэрлэхдээ би бүтээн байгуулалтыг дэмжиж, иргэдийг орон сууцжуулах, аж ахуйн байгууллагууд үйл ажиллагаа явуулах, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг бодлогын үйл ажиллагаануудыг дэмжиж газар олголтыг хийсэн. Өнөөдөр Улаанбаатар хотод миний зарсан нэг метр квадрат ч газар байхгүй гэдгийг баттай хэлэх байна. Намайг Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж эхэлсэн 1999 онд жилдээ 100 хүрэхгүй айлын орон сууц ашиглалтад ордог байсан. Харин 2005 онд жилдээ 500 айлын орон сууц болж нэмэгдсэн. 2011 оны эцсийн байдлаар аваад үзэх юм бол ашиглалтад орж байгаа орон сууц жилдээ 9800 болжээ. Тухайн үед миний олгосон газрууд дээр баригдсан олон орон сууцны хорооллууд ашиглалтад орж, иргэд амьдрал ахуй, нөхцөл бололцоогоо сайжруулж байна. 100 хүрэхгүй айлын орон сууц ашиглалтад орж, тийм бага газар орон сууцжиж байсан бол өнөөдөр жилдээ 10 мянгад хүрдэг болсон гэсэн үг. Асуудлыг сайн, муу аль аль талаас нь авч үзэх ёстой. Муутгая, харлуулъя гэсэн зорилготойгоор ярьж байгааг би ойлгож байна. Гэвч надад зарж, үрсэн зүйл байхгүй. 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл яг энэ асуудалтай холбогдуулан миний нэр төрийг гутаасан янз бүрийн зүйлийг хэвлэл мэдээллээр бичиж, хувь хүмүүс ярьж байна. Өнөөдрийн байдлаар миний нэр төрийг сэргээсэн 30 гаруй шүүхийн шийдвэр надад бий. Улаанбаатар хотын төв хэсэгт улсын нийслэлийн өнгө үзэмж болсон томоохон барилга, байгууламжуудыг барих ёстой гэж ерөнхий төлөвлөгөөнд тусган, тооцож байсан. ОХУ-ын Элчин сайдын яамнаас өөр өндөр барилга байхгүй гэж яригдаж байсан үе саяхан шүү дээ. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын төвд баригдсан том барилгуудын бүх газар олголт нь миний үед хийгдсэн. Би хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 17, 20…. давхар барилгуудыг хэн, ямар компани барьж чадах вэ гэсэн хүчин чадлуудад нь тааруулж газар олгосон. Заримд нь шууд олголт хийж байсан бол, нөгөө хэсэгт нь сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар олгож байсан зүйлүүд бий. Тиймээс үүнийг иргэд, олон түмэн зөв талаас нь ойлгох хэрэгтэй. Улс төрийн зорилгоор, албаар харлуулан ярьж байгаа зүйлийн учир шалтгааныг нь бодож, ойлгох хэрэгтэй гэж бодож байна.

-Хотын газрын асуудлаар таниас хууль, шүүхийн бай­гууллага тайлбар авч байсан удаа бий юу?

-Би хотын даргын ажлыг хүлээлгэж өгснөөс хойш бараг долоо, найман жил болж байна. Хотын захирагчаар ажиллаж байсан ч тэр, өнгөрсөн долоо найман жилийн хугацаанд ч тэр намайг ямар нэгэн газрын асуудалтай холбогдуулан хууль хяналтын байгууллагаас асууж, шалгааж байсан зүйл огт байхгүй.

-Хэдийгээр олон өндөр барилгууд баригдах бол­сон ч гэсэн төлөвлөлт, зохион байгуулалтыг алдаг­дуулчих­сан. Таныг нийслэлийн Засаг дарга байхдаа хотын дахин төлөвлөлтийг хийгээгүйгээс болж, алдаа гарсан гэх юм?

-2002 онд би Улаанбаатар хотыг 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг Засгийн газраар орж батлуулсан. Энэ ерөнхий төлөвлөгөөг хийхэд багагүй хэмжээний хөрөнгө, хүч, мөнгө зарсан. Ерөнхий төлөвлөгөөний нэг онцлог нь манай улсын хот байгуулалтын мэргэжилтнүүд өөрсдөө боловсруулсанд байгаа юм. Өмнөх гурван ерөнхий төлөвлөгөө бол тухайн үеийн ЗХУ-д хийгдэж, тэндээс дэмжлэг авсан. 2020 он хүртэл хийгдсэн ерөнхий төлөвлөгөөг дагаж гарсан хэсэгчилсэн төлөвлөгөөнүүд дээр тусгасан тэр зүйлүүдийг мэргэжлийн 16 байгууллага нь үзэж хараад, гарын үсгээ зурсан. “Энд ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнүүд дээр тусгасан газрууд байна” гэдэг дүгнэлтийг гаргасны дараа хотын дарга газар олголт хийдэг. Миний үед дураараа, шууд газар олголт хийгдэж байсан зүйл байхгүй. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр өгсөн газар олголтууд бий. Тухайн үеийн газар олгол­тын мэргэжилтнүүд улс орны эдийн засгийн байдал, дэд бүтцийн тэлэлт явах боломжгүй байгаа нөхцөлд хотын доторх боломжоо нягтруулж, ашиглах ёстой гэсэн дүгнэлтийг гаргаж байсан. Тавдугаар цахилгаан станцын асуудлыг тэр үед ч ярьж байсан, өнөөдөр ч гэсэн шийдэж чадаагүй байна. Тиймээс шинэ талбайг барилгажуулан дэд бүтцийн хязгаарлагдмал бай­далтай байснаас, Улаанбаатар хотыг нягтрашуулах нь зөв гэсэн бодлогыг мэргэжилтнүүд гаргаж, тэр дагуу газар олголт хийсэн.  Гэхдээ хот байгуулал­тын ямар нэгэн хууль дүрэм зөрчсөн зүйл тэнд байхгүй.

Эх сурвалж: enkhboldm.parliament.mn

2013.01.04

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж