Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Алдарт эх”-ийн одонт 1000 ээжийн чуулган боллоо. Төрийн ордны Их танхимд зохион байгуулсан энэхүү арга хэмжээг Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар хөтөлж, УИХ-ын гишүүн, кекүшюзан Д.Батбаяр, УИХ-ын гишүүн Д.Загджав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх н.Болд нар оролцож, алдарт ээжүүдэд шагнал гардууллаа.
Тодруулбал, “Ачлалт ээж” өргөмжлөлийг Ховд аймгийн Мөст суманд төрж өссөн М.Уламбаяр хүртлээ. Тэрбээр худалдааны байгууллагад 30 гаруй жил ажилласан. Олон хүүхэд төрүүлж өсгөсний зэрэгцээ ах дүүсийнхээ 10 гаруй хүүхдийг ачлан хүмүүжүүлсэн буянтай буурал юм байна.
“Асралт ээж” өргөмжлөлийг Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат Л.Аюушд олголоо. Тэрбээр 1935 онд Рашаант суманд төрж, цэцэрлэгийн багшаар ажиллан, түмний мянга, мянган хүүхдийг сурган хүмүүжүүлжээ.
“Буянт ээж” өргөмжлөлийг Ж.Жавзандулам хүртлээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн кекүшюзан Д.Батбаярын ээж. Хүү Батбаярыгаа гуравдугаар сарын 8-ний энэ өдөр төрүүлж байжээ. Хүүгээ төрүүлж байсан энэ өдөр энэхүү өргөмжлөлийг хүртэв.
“Дэлгэр ээж” өргөмжлөлийг Д.Доржпалам хүртлээ. 1945 оны хоёрдугаар сарын 12-нд Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрж байсан, 12 хүүхэд төрүүлж өсгөсөн буянтай ээж.
“Номч мэргэн ээж” өргөмжлөлийг А.Чинбатад олголоо. Багш мэргэжилтэй тэрбээр түмний мянга мянган хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд насаараа хөдөлмөрлөжээ.
“Өндөр ээж” өргөмжлөлийг Н.Цэнджав хүртэв. Дундговь аймгийн Хулд суманд 1930 онд төрсөн Н.Цэнджавыг нутаг усныхан нь “Өндөр ээж” хэмээн авгайлдаг юм байна.
“Сүүн сэтгэлт ээж” өргөмжлөлийг Ч.Дэжээхүүд олголоо.
Зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн. Охин Жаргалмаа нь Ийгл телевизэд ажилладаг.
“Тэнгэрлэг ээж” өргөмжлөлийг Д.Цагаан хүртэв. Эмч мэргэжилтэй түүнийг нутгийнхан нь “Буурал цагаан” хэмээн авгайлдаг ажээ.
“Элбэрэлт ээж” өргөмжлөлийг В.Ваднайхүүд олголоо. Эдүгээ 85 насны сүүдэр зэрэгцсэн энэ буурай 1926 онд Завхан аймагт төржээ. Үр ачийнх нь тоо 60 хол давсан.
“Энэрэлт ээж” өргөмжлөлийг Н.Юмбрэнд хүртээв. Увс аймгийн Чандмань суманд 1940 онд төрсөн тэрбээр сувилагч мэргэжилтэй.
Дашрамд сануулахад “Алдарт эх”-ийн одонт 1000 ээжийн чуулганыг УИХ-ын гишүүн Д.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Д.Мөнхтуяа нар ивээн тэтгэж, зохион байгууллаа. Мөн Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалан алдарт ээжүүдэд “Ботгоны дуу”-гаараа ая дууны мялаалга өргөсөн юм.
Г.Дарь
Холбоотой мэдээ