Давосын чуулга уулзалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

Давосын чуулга уулзалт эхэллээ

“Дэлхий ертөнцийг шинэчлэн өөрчлөх нь: Нийгэм, улс төр, бизнест үзүүлэх үр дагавар” сэдвийн дор зохион байгуулагдаж буй Давосын чуулга уулзалт өнөөдөр /I.22/ Швейцарьт эхэллээ. Олон орны төр засгийн тэргүүнүүд, нөлөө бүхий бизнесмэн, олон зуун сэтгүүлчдийг нэг дор цуглуулан хуралдаж буй дэлхийн эдийн засгийн форум ирэх бямба гариг /I.25/ хүртэл гурав хоногийн хугацаанд үргэлжлэх юм. Чуулга уулзалтад оролцогчид дэлхийн болоод бүс нутгийн эдийн засаг, аж үйлдвэр, эрүүл мэнд, байгаль орчны салбарт тулгамдаад буй шийдвэрлэвэл зохих асуудлуудыг авч хэлэлцдэг билээ. Энэ удаагийн чуулга уулзалтын хүрээнд “Их 20” гэж нэрлэгдсэн том гүрнүүдийг тойрсон эдийн засгийн асуудал, “БРИКС”-ийн орнуудын гүйцэтгэж буй үүрэг болон дэлхий нийтийн асуудал болоод буй цаг уурын өөрчлөлт, эрчим хүч, ундны усны хомсдол, глобал хөгжлийн хэтийн төлөв, үр дагавар, дэлхийн хүн амын өсөлт, залуучуудын дундах ажилгүйдэл зэрэг олон чухал асуудалд шийдэл эрэлхийлэх аж. Мөн Хойд Африк, Ойрхи-Дорнодын улстөр, нийгмийн хурцадмал асуудлыг ч орхигдуулахгүй бөгөөд эдийн засгийг тойрсон татварын хямрал, баян, ядуугийн ялгаа нэмэгдэж буй байдал зэрэгт оролцогчид албан ба чөлөөт байдлаар өөрсдийн санаа бодлоо солилцох гэнэ. “Дэлхийн хүн амын 10 хувь нь нийт баялагийн тал хувийг эзэмшдэг” гэсэн судалгаа гарсан нь баян ядуугийн ялгаа туйлдаа хүрч, дундаж давхарга үгүй болж буйг илтгэх тул энэ нь хурцадмал асуудал болжээ.

Давосын чуулганд оролцож буй манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчдийн хувьд уур амьсгалын өөрчлөлт, ус, уул уурхай, авлигын эсрэг түншлэл, ухаалаг төрийн асуудлаарх хуралдаан, арга хэмжээнд оролцохын зэрэгцээ Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбарууд” судалгааны тайланг танилцуулна. Мөн чуулга уулзалтын үеэр манай орны эдийн засгийн хөгжлийн төлөв, хөрөнгө оруулалтын болоод эрх зүйн орчны талаар зөв мэдээллийг гадаадын хөрөнгө оруулагч, Монголыг сонирхогчдод хүргэх зорилгоор эх орноо танилцуулах арга хэмжээ зохион байгуулах юм.

Дэлхийн эдийн засгийн форумд оролцохоор хүрэлцэн ирсэн 2200 оролцогч болон 500 сэтгүүлчид ирэх гурван өдрийн хугацаанд семинар, дугуй ширээ, төрийн тэргүүдийн богино хэмжээний уулзалт, зэрэг олон тооны гаруй арга хэмжээнд оролцдох юм. Түүнчлэн форумын үеэр хуралдаж, чуулахаас гадна оролцогчдын дунд урлаг соёл, спортын арга хэмжээ ч зохион байгуулагдах аж. Тухайлбал, соёлын арга хэмжээний хүрээнд өнгөрсөн оны дуу “Ганнам стайл”-ын дуучин “PSY” хит уран бүтээлээрээ оролцогчдыг хөгжөөх бол спортын арга хэмжээнд цанаар гулгах, хоккей тоглох зэрэг багтжээ.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг Германы бизнесмэн, Женевийн их сургуулийн профессор Клаус Шваб 1971 онд анх санаачлан, үүсгэн байгуулжээ.  Үүнээс хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж, нэр хүнд, хамрах хүрээ нь өссөөр буй дэлхийн эдийн засгийн чуулган Швейцарийн зүүн хэсгийн Альпын нурууны бүсэд орших Даос хотноо болдог юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж