Эрдэнэбатууд Сэлэнгэд ажиллав

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

Эрдэнэбатууд Сэлэнгэд ажиллав

УИХ-д аминдаа нар цөөнгүй бий. Тэдний нэг болох УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ж.Эрдэнэбат нар өчигдөр Сэлэнгэ аймагт ажиллалаа.

Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ гишүүд хөрөнгө оруулалтын зардал нь өссөн обьектуудтай танилцаж, 2014 оны төсвийн тодотголд аль барилга, байгууламжийн хөрөнгө оруулалтыг тусгах нь чухал байна вэ гэдгийг газар дээр нь очиж танилцсан юм. Мөн Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцав. Засгийн газраас 10 гаруй жилийн өмнө Алтанбулагийг чөлөөт бүс болгохоор шийдвэр гаргаж, зарим ажил эхэлсэн. Гэвч өнөөг хүртэл тус бүс амь орж, Монголын эдийн засгийг тэтгэх хөшүүрэг ажилласан удаагүй. Тэгвэл энэ ажлыг урагшлуулахад ОХУ-тай нэлээд ажлыг эрх зүйн хувьд ойлголцож, зөвшилцөх шаардлага  байгааг Алтанбулаг дахь чөлөөт бүсийнхэн УИХ-ын гишүүдийг тус аймагт ажиллах үеэр дуулгалаа.

Түүнчлэн гишүүд орон нутагт ажилласан томилолтоо ашиглаж сэлэнгийн иргэдтэй уулзалт хийсэн юм. Энэ үеэр тариаланчид УИХ-аар хэлэлцэж эхэлсэн Газар тариалангийн салбарт төрөөс баримтлах бодлоготой холбогдуулж олон санал дэвшүүлэв. Үүнээс хамгийн чухал нь газар тариалангийн салбарт ажиллах мэргэжилтнийг бэлтгэхэд төр онцгой анхаарах шаардлагатай гэлээ.

Өнөө цагийн газар тариалангийн салбартай амьдралаа холбож, бизнес эрхэлж яваа иргэдийн дийлэнх нь гол төлөв 1960-1970-аад оны үед Атар газар эзэмшихээр илгээлтийн эзэн болж, ирж байсан залуус аж.  Одоо тэд нас өндөр болж яваа, хүүхдүүддээ өөрсдийн мэддэгээ зааж сургаснаар гэр бүлийн хүрээнд сургалт явагддаг. Гэтэл газар тариалан эрхэлхэд нарийн мэдлэг чухал болж буй. Тиймээс энэ салбарт ажиллах мэргэжилтэй ажилтныг төрөөс бодлогоор дэмжиж, бэлтгэх шаардлагатай гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр, Атар газар эзэмших гуравдугаар аяныг үргэлжлүүлэхэд тариаланчдыг хөнгөлөлттэй зээлд хамруулж техник, технологио шинэчлэх бололцоогоор хангахын зэрэгцээ газрын үржил шимийг сайжруулахад анхаарах ёстой. Газрын үржил шим алдагдсанаас тариа тариад ч цавуулаг багатай ургац авдаг. Энэ нь эргээд гурилын үйлдвэрүүдэд буудайгаа тушаахад үнэд нөлөөлж, хамгийн бага үнэтэйгээр тушаахаас аргагүйд хүрдэг. Тиймээс газрын үржил шимийг сайжруулахад онцгой анхаарах. Мөн бодлогод мал аж ахуй, газар тариалан хоёроо ялгаж салгаж өгөх. Тэр дундаа газар тариалангийн салбарт мал аж ахуйг хөгжүүлэх бололцоо хумигдмал тул түүнийг ялгаж зааглах шаардлага байна гэдгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нарт захисан юм.

Тэд ч Газар тариалангийн талаар төрөөс баримтлах бодлогод тариланчдын санал бодлыг тусгахаа амлалаа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж