
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн жил БНЭУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал харилцаагаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд гаргахаар шийдвэрлэсний дагуу Монгол, Энэтхэгийн уламжлалт найрсаг хэлхээ холбоо, хамтач ажиллагаа өргөжин тэлсээр буйд сэтгэл хангалуун байгаагаа Сайд Г.Занданшатар, Элчин сайд хоёр илэрхийлжээ.
Өндөр дээд хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгалахын чухлыг уулзалтын явцад дурдаж дипломат харилцаа тогтоосны 55-н жилийн ойн энэ жил Энэтхэгийн парламентын спикер Монголд айлчлахаар болсон нь чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэв.
Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хэлхээ холбоог өргөтгөх боломжийг бүрэн ашиглах, үүний дотор Энэтхэгийн талыг Монголын эрдсийн баялгийг олборлох, боловсруулахад оролцуулахын чухлыг уулзалтын үеэр хөндөж ярилцав. Энэтхэгийн төрийн өмчит зарим компани Монголын төмрийн аль нэг ордод хамтран ажиллахыг сонирхож байгааг Элчин сайд С.Сингх мэдээлээд Монголын тал энэ саналд мөн ач холбогдол өгч дэмжин ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн тухай Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.