Хурдан морины салбар хороо үндэсний спортын холбоодоос ирүүлсэн саналыг хянаж, нэгтгэн боловсруулсан төсөлд Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол, шалгуурыг хангасан байх зарчим баримталжээ.
Уяачдын амжилтыг тодорхойлохдоо морьд нь түрүүлж, айрагдахад олгосон гэрчилгээ, өргөмжлөл, диплом зэрэг албан ёсны бичиг баримт болон тухайн уралдааныг зохион байгуулсан спортын хороодын гаргасан шийдвэр, цувааг үндэслэсэн байхаар журамласан байна. Энэ журмыг үндэслэн улсын цол олгох болзол, шалгуур хангасан 19 уяачид улсын цол олгохоор Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр комиссын хуралдаанаас шийдвэрлэлээ. 5 хүнд Монгол Улсын тод манлай уяач, 4 хүнд манлай уяач, 10 хүнд алдарт уяач цол олгуулахаар санал орууллаа.
Морь уяж, сойж уралдуулдаг уяачдад нь биш морины эздэд улсын цол олох нь буруу. Энэ нь дэвжээнд барилдаж амжилт гаргасан бөхөд биш дэвжээний эзэнд аварга цол олгож байгаатай адил харагдаж байна гэсэн саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл гаргаж байлаа. Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэсэн комиссын гишүүдийн саналыг Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хорооны дарга, шадар сайд Д.Тэрбишдагва дэмжиж ажил хэрэг болгохыг үүрэг болголоо.
Тус хуралдаанаар Монголын морин спорт, уяачдын холбооноос ирүүлсэн хурдан морины бүсийн уралдааны тов, зохион байгуулалтын талаар мөн хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын Тод манлай уяач цолоор /Улс бүсийн наадамд 10 түрүү эсвэл 20 айраг/
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул улсын манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ
- Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул, улсын манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий
- Завхан аймгийн Улиастай сумын уугуул улсын манлай уяач Дашзэвэгийн Дагвадорж
- Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул улсын манлай уяач Бэгзсүрэнгийн Содномцог
- Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул улсын манлай уяач Банзрагчийн Жанчив
Улсын манлай уяач цолоор (Улс бүсийн наадамд 6 түрүү эсвэл 12 айраг)
- Төв аймгийн Баян сумын уугуул Миеэгомын Энхболд
- Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул улсын алдарт уяач Пүрэвийн Мэндбаяр
- Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул улсын алдарт уяач Дамбын Хишигжаргал
- Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул улсын алдарт уяач Галбадрахын Баттөмөр
Монгол Улсын алдарт уяач цолоор / Улс бүсийн наадамд 4 түрүү эсвэл 8 айраг /
- Ховд аймгийн Чандмань сумын уугуул Батчулууны Ерөөлт
- Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул Тогтохбуянгийн Лхасүрэн
- Төв аймгийн Баянцогт сумын уугуул Сумъяасүрэнгийн Ганзориг
- Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Чимэдийн Ганзориг
- Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Рагчаагийн Ооёо
- Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Пүрэвдоржийн Алтансүх
- Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Дайдийхүүгийн Баяраа
- Ховд аймгийн Дарви сумын уугуул Түвдэнхүүгийн Батцоож
- Дундговь аймгийн Хулд сумын уугуул Бандиагийн Баярсайхан
- Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Нанжилцэрэнгийн Даш-Өлзий нарт улсын цол олгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.