
Сирид үүсээд буй иргэний дайн удаан үргэлжлэх тусам эх орноосоо дүрвэгсдийн тоо улам нэмэгдсээр байгаа билээ. Сиритэй хил залгаа, ойр орших хөрш орнууд хэдийнэ дүрвэгчдийн хөлд дарагдаж, хоол хүнс, орон байрны хангамж хүрэлцэхгүй байдал хүндхэн байгаа юм.
Тэгвэл Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг холбоотон орон болох ОХУ-ын эрх баригчид өнгөрсөн 2013 онд нийт 478 дүрвэгчид түр оршин суух зөвшөөрөл олгосон байна. ОХУ-ын цагаачлалын асуудал хариуцсан албаныхны мэдээлснээр одоогоор тус улсад Сириэс дүрвэн ирсэн 1000 гаруй цагаач хууль бусаар оршин сууж байгаа аж. Үүний зэрэгцээ Сирийн нийслэл Дамаск хотноо оршин сууж буй 50 мянга орчим христийн шашинт иргэд ОХУ-аас иргэншил хүсч, өргөдөл гаргасан гэнэ.
НҮБ-аас мэдээлж буйгаар Сирийн нэг сая гаруй иргэн зөрчил мөргөлдөөнөөс дайжин, эх орноосоо дүрвээд байгаа юм.