Сангийн яамны харьяа тус агентлаг энэ жилийн хувьд “Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлье” уриан дор далд эдийн засагтай тэмцэх ажээ. Татвараас бултах, хууль зөрчсөн санхүүгийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд их гарах болсон бөгөөд үүнд татварын албаныхан өөрсдөө нарийн холбогдсон байдгийг засахаар ийнхүү уриа дэвшүүлэн ажиллаж эхэлжээ. Түүнчлэн одоогоор УИХ-д хэлэлцүүлгийн шатандаа байгаа Татварын тухай багц хуулиас олон нийт ихээхэн хүлээлттэй байгаа бөгөөд хуулийн шинэчлэлд хоёр гол асуудал тусгасныг уулзалтын үеэр онцолсон. Энэ нь жижиг, дунд аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын татварын 90 хувийг буцаан олгох болон НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг болгох тухай юм. Хууль батлагдвал нийгэм, эдийн засгийн харилцаанд оролцогч бүх л аж ахуйн нэгж, иргэдийн эрх, үүрэг ийнхүү зохицуулагдах юм.
Өнгөрсөн жилийн хувьд улсын төсөвт татварын орлого бүрдүүлэлтээр хоёр их наяд, 328.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс нэг их наяд, 962.3 тэрбум төгрөгийг оруулжээ. Энэ нь төлөвлөснөөс 84.3 хувийн гүйцэтгэл бөгөөд 2012 оныхтой харьцуулахад 343.3 тэрбум төгрөгөөр давсан үзүүлэлт юм байна. Татварын орлого бүрдүүлэлт дутсан ч ийнхүү өмнөх жилүүдийнхээс ахицтай байгааг ТЕГ-ын дарга Т.Батмагнай дурдлаа. Ямартай ч энэ жил хууль бус үйлдлийг таслан зогсоож, далд эдийн засагтай тэмцэх өөрчлөлтийг дотроосоо эхлээд хийхээ ийнхүү амаллаа.