-Ойрын үед шуугиад байгаа таны талаарх мэдээлэлд ямар тайлбар өгөх вэ?
-Миний талаарх энэ бүх гүтгэлэг өнгөрсөн оны найм, есдүгээр сараас гарч эхэлсэн. Би тухайн үедээ хийх ажлаа хийж, энэ асуудлыг төдийлөн тоогоогүй бол одоо бүр хэтэрлээ. Миний хувьд нойр, хоолоо хасан байж соёл, кино урлаг, тайз, дэлгэцийн бүтээлийг сайжруулах үйлст хүчин зүтгэсэн. Гэтэл төрийн мөнгийг найзуудтайгаа нийлж, шамшигдуулсан гэх мэдээлэл тарж байгаа нь ажил хийх ямар ч нөхцөл үүсгэхгүй, дарамт шахалт болж байна. Энэ бүх мэдээлэл ор үндэсгүй худлаа. Би ийм зүйл хийх ёс суртахуун, хүмүүжилгүй. Би биеэ засаад төрөө зассан хүн гэж хэлж болно. Улсын мөнгөнөөс шамшигдуулах шаардлага байхгүй. 2012 оны есдүгээр сараас ажлаа хүлээж аваад энэ хугацаанд би багагүй юм хийсэн. Өөрийгөө магтах дургүй ч сүүлийн үед хэтрээд байгаа гүтгэлгээс болж ажиллах орчин нөхцөл бүрдэхгүй байгаа учраас юу хийснийгээ хэлэх хэрэгтэй байх. Улсдаа анх удаа кино наадам хийлээ, хөдөө орон нутгийг соёлын хөгжилд хувь нэмэр оруулахаар 20 сумын төвд кино театр барьсан. Мэргэжлийн ганц компаниар барилгын ажил гүйцэтгүүлээд байж байтал энэ ажлыг зарим эрх мэдэлтнүүд унагаж орхилоо. Мөн Киноны тухай хуулийг боловсруулахад оролцсон гэх зэрэг салбарт хэрэгтэй байгаа ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ мэт ажлуудыг хийгээд явж байхад ор үндэсгүй гүтгэлэг гаргаж, дарамталж байгаа нь яам дотроосоо гэж бодож байна. Хэсэг хугацааны дараа би өөр нэгэн баримт гаргаж ирэх болно.
-Үнэхээр үндэслэлгүй гүтгэлэг юм бол ямар учраас “National geographic Mongolia” сэтгүүл болон Улаанбаатарын кино өдрүүд наадамтай холбогдож таарсан юм бэ?
-Тэрийг хэлж мэдэхгүй юм. “National geographic Mongolia” сэтгүүлийн хувьд Аялал жуулчлалын газартай гэрээ байгуулсан болохоос надтай холбоогүй. Сэтгүүлийнхэн саяхан надтай холбогдож, учир байдлыг хэлсэн. Гадуур тараад буй энэ мэдээлэл ор үндэсгүй худал, таны нэр хүндэд муугаар нөлөөлж байгаад харамсч байгааг хэлж байсан. Удахгүй тэд өөрсдөө энэ талаар нийтэд мэдээлэл хийнэ гэсэн. Кино наадмын хувьд Монголдоо анх удаа ийм том үйл явдал болсон гэдэгтэй хэн ч санал нэгдэх байх. Арга хэмжээг зохион байгуулахад ийм мөнгө идэж уусан юм байхгүй. Бид чадлаараа санхүүжилтээ шийдүүлж, Францын Элчин сайдын дэмжлэг, тусламжтайгаар зохион байгуулсан.
-Одоо энэ асуудлуудыг хэрхэн шийдэх вэ?
-Миний хувьд ийм хэцүү нөхцөл байдал, дарамт шахалтын дор ажиллаж чадахгүй. Ажил үүргээ хүлээлгэж өгмөөр байна. Хүлээлгээд өгчихвөл харин ч их том ачаа нуруун дээрээс авагдах гээд байна. Ер нь хэлэхэд, дарамт шахалт, гүтгэлгэд өртөөд төрийн албанд ажиллана гэдэг хэцүү юм. Би хувийн бизнесээ эрхлээд гэр бүлийн тайван амьдралдаа анхаарвал одоо тэр нь илүү дээр байна.