“Мерекс” нэртэй бетон зуурмаг үйлдвэрлэгчид олон нийтэд зориулан хувьцаа гаргах болсноо дуулгалаа. Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нийтэд санал болгон худалдах үнэт цаас гаргах зөвшөөрлөө авчээ. Тус компани цагт 150 куб метр бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ирэх хавраас ашиглалтад оруулах ажээ. Үйлдвэрийн барилга байгууламж барих, зуурмаг ачигч болон зөөгч машин худалдан авах зэрэгт шаардлагатай хөрөнгийг үнэт цаас гарган бүрдүүлэхээр болсон байна. Нийтдээ 6,5 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаагаас 2,6 тэрбумыг хөрөнгийн зах зээлээс босгохоор төлөвлөжээ. Тус компани нийтдээ 26 сая ширхэг хувьцааг тус бүрийг нь 100 төгрөгөөр үнэлэн үнэт цаас гаргаж байгаа гэнэ.
Д.ЦЭЦ