Сар шинээр ном бэлэглэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

Сар шинээр ном бэлэглэхийг уриалав

МУИС-ийн оюутнууд сар шинийн баяраар Эрээний бэлэгнээс татгалзаж, эрдмийн бэлэг өгөх уриалгыг дэвшүүлж, хэвлэлийнхэнд хандлаа. Тэд “Номтой нөхөрлөе клуб”-ын гишүүд бөгөөд шинэ жилийн үеэр “Шинэ жилийн шидэт ном-2” аяныг зохион байгуулсан байна. Шинэ жилээр эмнэлэгт хэвтэж байсан хүүхдүүдэд ном бэлэглэсэн тэд энэ удаа “Сар шинийн баяраар зочин гийчиндээ бэлэг бэлгийн дээд ном бэлэглэцгээе” ураилгыг дэвшүүлж байгаа юм. Тэдний тооцоолсноор монголчууд сар шинийн баяраар хоёр тэрбум төгрөгийг зөвхөн бэлгэнд зориулдаг ажээ. Тиймээс энэ мөнгийг Эрээн рүү гаргахын оронд дотоодын үйлдвэрлэгчдэд, тэр дундаа ном үйлдвэрлэгчдэд орлого болгон үлдээвэл илүү ашигтай гэдгийг оюутнууд хэлж байлаа. Номын дэлгүүрт зарагдаж буй номын үнэ харилцан адилгүй ч 4-5 мянган төгрөгт багтаан сонирхолтой ном авах боломжтой гэнэ. Хүүхэд багачуудад үлгэрийн болон комикс ном бэлэглэж болохын дээр тухайн хүнийхээ ажил мэргэжил, нас хүйсэд тохируулан сонгож болдог хамгийн шилдэг бэлэг ном гэж тэд үзэж байгаа юм байна. Оюутнууд өөрсдийн уриалгаа цахим орчинд түгээсэн бөгөөд хүмүүсийн дэмжлэг их байгаа аж. Харин ямар номыг хэнд зориулбал зүгээр талаарх зөвлөгөөг тун удахгүй гаргаж, цахим хэлбэрээр олон түгээнэ гэдгээ тэд хэллээ. Нэгээс нөгөөд ёс төдий дамжуулдаг оймс, шампуниас эхлээд хуулиар хориглосон тамхийг хүртэл бие биедээ бэлэглэдэг байдлыг халж, ном бэлэглэхийг оюутнууд уриаллаа.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж