Тариаланчид урамшууллаа авахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

Тариаланчид урамшууллаа авахыг хүслээ

Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооныхон мэдээлэл хийлээ. Тус холбооны гүйцэтгэх захирал У.Дамбийсүрэн, Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Рэнцэндорж, тус холбооны гишүүн н.Цэрэнханд, “Шүрэн титэм” ХХК-ийн захирал П.Баярхүү, “Чандмань”  ХХК-ийн захирал Б.Буян-Өлзий, “Өглөгчийн хэрэм” ХХК-ийн захирал Ц.Энхжаргал нар газар тариалангийн салбарт тулгамдаад байгаа асуудлын талаар мэдээлэл хийсэн юм. Шинэчлэлийн Засгийн газар,  УИХ-аас ОХУ-аас 100 мянган тонн таваарын буудай оруулж ирэх шийдвэр гаргаад удаагүй байна. Энэхүү буудайн тал хувьд нь сайн чанарын элит үр оруулахыг “Газар тариалан” холбооноос Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд санал болгосон байна. Ингээд энэхүү 50 мянган тонн үрээ дотоодын тариаланчдаас таваарын буудай болгон солих аваас ирэх хавар тариаланчид сайн үрээр тариалалт хийж, ирэх намар сайн чанарын буудай, гурилтай болох давуу тал үүсэх байжээ. Гэтэл Засгийн газар тариаланчдын санал бодлыг огтхон ч хүлээн аваагүйн дээр импортын буудайн тонн тутмын үнэ ханш дотоодын тариаланчдынхаас илүү байгааг тэд хэлж байлаа.

“Шүрэн титэм” ХХК-ийн захирал П.Баярхүү:

-ОХУ-аас оруулж ирж буй улаан буудайн тонн тутмын үнэ 464400 төгрөг байгаа. Энэ нь Наушк өртөө хүртэлх үнэ. Үүн дээр Улаанбаатар хүртэлх тээврийн зардлаа нэмэхээр 500 гаруй мянган төгрөгөөр улаан буудай авч байна гэсэн үг. Гэтэл дотоодын тариаланчдаасаа тонн буудайг 320 мянган төгрөгөөр худалдан авч байгаа. Урамшууллын мөнгийг нэмэхээр 420 мянган төгрөг болох хэдий ч энэ бол өртгөө л дөнгөж нөхөх хэмжээний мөнгө. Нөгөөтэйгүүр энэ жилийн хувьд улаан буудай хомсдох шалтгааныг Засгийн газар өөрөө тавьсан гэж болно. Хаврын тариалалтад гарах үед намрын үнэ ханш тодорхойгүй, хэдий хэмжээний улаан буудай хэрэгтэйг Засгийн газар зарладаг баймаар. Тэгээгүйгээс тариаланчид тодорхойгүй байдалд орж байна. Гэтэл хятадууд хаврын тариалалтын үеэр ирээд рапс авах гэрээ хийдэг. Рапсын үнэ ханш нь буудайнхаас өндөр байхын дээр худалдан авах нь тодорхой учир хүмүүс рапсыг илүү тариалсан.

-Рапс гэх ургамал чинь газрын үржил шимд муугаар нөлөөлдөг хортой ургамал гэх юм. Рапс тарьсан газарт дахин буудай тарих боломжгүй болдог юм биш үү?

-Рапс техникийн болон ургамлын тосны гэж хоёр янз байдаг. Манай тариаланчид ургамлын тос хийдэг рапсыг тариалдаг болохоор газрын шимд муугаар нөлөөлөхгүй. Тэгээд ч сэлгээний ургамлын нэгд рапс тарихыг Засгийн газраас зөвшөөрдөг. Тийм болохоор газрын хөрсөнд муугаар нөлөөлнө гэж болгоомжлох хэрэггүй.

Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны УЗ-ийн гишүүн Ш.Рэнцэндорж:

-Тариаланчид өнөөг хүртэл урамшууллын мөнгөө аваагүй байгаа. Хуучин Засгийн газрын үед ондоо багтаагаад үгүйдээ л сар шинийн өмнө урамшууллын мөнгийг өгчихдөг байсан. Гэтэл энэ жилийн урамшууллаа одоо хүртэл аваагүй байна. Хүмүүсийнхээ цалин мөнгө, банкны болон харилцагч байгууллагуудын өр төлбөрөөс гараагүй тариаланчид цагаан сараа ч хийж чадахгүйд хүрээд байна. Энэ байдлаас харахад ирэх хаврын тариалалтад хүндрэл учрахгүй гэх баталгаа алга. Тариаланчдын хөдөлмөр бусад салбарынхаас их ялгаатай. 16-17 сарын дараа үр шим нь гардаг. Гэтэл Засгийн газар амласан урамшууллаа өгөхгүй, буудайнхаа үнийг эрт зарлахгүй байгаа нь энэ салбарыг хүнд байдалд оруулж байна гэлээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж