ОХУ-ын Ерөнхийлөгчийн өршөөлөөр хугацаанаасаа өмнө шоронгоос суллагдаад буй “Pussy Riot” хамтлагийн гишүүд дахин тайзнаа гарах нээ. Панк хамтлагийн гишүүн Мариа Алёкина, Надежда Толоконникова нар ирэх хоёрдугаар сарын 5-нд Нью-Йорк хотын Бруклины “Barclay"s” төвийн тайзнаа хүний эрхийн төлөөх тоглолтод ая өргөх гэнэ. Тоглолтыг “Эмнести интернейшнл” хүний эрхийн байгууллагаас зохион байгуулж байгаа аж.
Хамтлагийн бүсгүйчүүд 2012 онд Москвагийн үнэн алдартны шашны гол сүмд Ерөнхийлөгч Владимир Путиныг доромжлон дуу дуулж, бүжсэнээс болж, 16 сарыг шоронд өнгөрүүлсэн юм. Владимир Путин Сочийн өвлийн Олимпыг олноороо бойкотлож буй хүний эрхийг дэмжигчдээс нэр хүнд олохын тулд тэднийг өршөөлийн хуульд хамруулан өнгөрсөн арванхоёрдугаар сард сулласан аж.
Б.АНХТУЯА