Ургамлын тосны 30 хувийг үндэсний үйлдвэрлэгч хангаж байна

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

Ургамлын тосны 30 хувийг үндэсний үйлдвэрлэгч хангаж байна

Манай улс хүнсний гурван гол бүтээгдэхүүнээ гаднаас импортолдог. Тэдгээр нь элсэн чихэр, цагаан будаа, ургамалын тос. Харин 2011 оноос хойш “Монгол алтан тос” ХХК ургамлын тос үйлдвэрлэж, импортын 30 хувийг  дотоодоос хангадаг болсон түүхтэй. Үүний ачаар ажлын байр нэмэгдэхээс гадна, хэрэглэгчид дотоодоос хямд үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой болсон юм. Төр засгийн зөв бодлого, цагаа олсон дэмжлэг хосолвол үндэсний үлйдвэрлэгчид дотоодоо 100 хувь хангаж импортын хараат байдлаас гарах боломж бий гэнэ.

Ардчилалтай дөрөө харшуулан Монгол улсад өргөнөөр хэрэглэгдэх болсон хүнсний бүтээгдэхүүн бол бидний хэлж заншсан 9 мөнгөний тос буюу ургамалын тос. Нэг жилд бүх төрлийн хүнсэнд хэрэглэдэг тос тосон бүтээгдэхүүнд 24 мянган тонныг хэрэглэдэг. Үүнд бүх төрлийн масло, маргаринууд багтаж байгаа. Харин ургамалын тосны нэг жилийн хэрэгцээ 14 мянган тонн юм байна. Монголд байгаа үндэсний цор ганц үйлдвэр болох “Монгол алтан тос” ХХК нийт тосны хэрэгцээнийхээ 17 хувийг, харин ургамалын тосны 30 хувийг дотоодоос хангаж байна. 2005 оноос энэ үйлдвэрийн төсөл хөтөлбөр яригдаж эхлээд 2008 оны эдийн засгийн хямралын шуурганд Алтан тос төсөл өртжээ. Үүний улмаас 2011 оныг хүртэл түр саатсан байдаг байгаад тус оноос эхлэн үйлдвэрлэлээ эрчимжүүлж өнөөдөр дотоодын тосны хэрэгцээний багагүй хувийг үйлдвэрлэдэг болжээ. ОХУ-аас түүхий эдээ импортолж, цэвэр тосыг дотооддоо үйлдвэрлэн нэмүү өртөг шингэсэн импортын бүтээгдэхүүнийг орлож эхэлсэн байна. 

“Монгол алтан тос” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Ганболд “Иргэдийн хүнсэндээ өдөр тутам хэрэглэдэг тосыг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн нь багагүй ашгийг улсад өгч байна. Гэхдээ ганцхан үйлдвэр ургамалын тосны нийт хэрэгцээний 30 хувийг нь дангаараа даачихдаг гэхээр 100 хувь дотоодоос хангаад байх өөдрөг ирээдүй бас харагдаж байгаа юм. Импортоор орж ирдэг 9500 тонн буюу 9.5 сая литр ургамалын тосыг бид хамгийн багадаа 2500 төгрөгөөр худалдан авч байна гэхээр 23 тэрбум 750 сая төгрөг. Энэ их хөрөнгийг бид жил бүр ОХУ-д 70-80 хувийг нь үлдсэнийг нь БНСУ, Герман, Америк, БНХАУ гэхчилэн улсуудад хөрөнгө оруулалт болгоод гаргачихдаг. Энэ урсгалыг хаах боломж бий. Гэхдээ төр засгийн зөв бодлого. Үйлдвэрлэгч нарыг өсөн дэвжих хүсэлд нийцэхүйц хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг нь тогтвортой байлгах түүхий эд нийлүүлэгчдийг бэлдэх явдал. Уг нь Монгол улс ургамалын тосны түүхий их хэмжээгээр тариалдаг. Гол нь түүнийгээ БНХАУ-ын ченжүүдэд алдчихдаг сул талтай. Манай компани хоёр жилийн дотор нийт тосон бүтээгдэхүүнүүдийн 17 хувь зөвхөн ургамлын тосны 30 хувийг хангадаг болсон нь том ололт” юм.

Түүхий эдийн хараат байдалд байдаг нь энэ салбарын эцсийн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэлд шууд нөлөөлдөг. Өөрсдөө түүхий тос боловсруулахаас гадна, түүхий тос гаргаад авчихвал ургамалын тосны салбар 100 хувь экспортын болж хувирах ирээдүй бий. БНХАУ-руу гаргасан ургамалын тосны түүхий эд болох 76 мянган тонн Рабс эргээд эх орондоо тос болон орж ирдэг. Өнгөрсөн онд 76 мянган тонныг гаргасан байна. 2012 онд харин 36 мянган тонныг хураан аваад мөн л урд хөршид гаргажээ. Үүнийг л дотооддоо үлдээгээд үндэсний үйлдвэрлэгчид тушаагаад түүгээр нь ургамлын тосоо үйлдвэрлээд байж болох юм. Үнэн хэрэгтээ нэмүү өртөг шингэсэн импортын үнэтэй тос болон хувираад орж ирдэг байх юм. Өөрсдийн тарьж ургуулсан рабс  шинж чанар нь өөрчлөгдөөд ороод ирэхээр өндөр үнээр авчдаг тогтолцоо манайд бий. Засгийн газар үйлдвэржилтийг дэмжиж, импортыг орлох экспортын бүтээгдэхүүнийг бондын хөрөнгөөр санхүүжүүлэхээ амласан. Тэгвэл жил бүр иргэдийн халааснаас гадагшаа урсаж байгаа 30 гаруй тэрбум төгрөгийг дотооддоо эргэлдүүлэх эдгээр боломжуудыг анхааралдаа авах цаг болсон. Татварын хөнгөлөлтүүдийг харамгүй хайрлана гэдэг ч ургамалын тосны салбарт ажиллаж байгаа эдгээр компаниудад татвар мөн л дарамт болсон хэвээр байгаа аж. Засгийн газраас энэ жил үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллахаар болсон бөгөөд “Монгол алтан тос” ХХК-ийн хувьд үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр Засгийн газарт төслөө хүргүүлээд байгаа юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж