Малчдаа хамгаалах зөв бодлого

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

Малчдаа хамгаалах зөв бодлого

Нар салхинд гандаж, малаа дагаж, нүүдэлчин амьдралын уламжлалаа хадгалж яваа малчдаа төр анхаарч эхэллээ. Малаас өөр нийгмийн баталгаагүй малчдыг дэмжих, малчдыг тэтгэвэрт хамруулж, нийгмийн даатгал төлдөг болгох хуулийн төсөл УИХ-д орж ирлээ. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын гишүүд өргөн барьжээ.

Насаараа мал малласан малчид нийгмийн даатгалаа төлж чадахгүй, улмаар тэтгэвэр тогтоолгож чадахгүй байдлыг зохицуулдаг  хууль, журам өдийг хүртэл тодорхойгүй байсан. Тиймээс хууль санаачлагчдын зүгээс малчдыг тэтгэврийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлж, шимтгэлээ нөхөн төлөх боломжоор хангаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, малчид нийгмийн даатгалаа нөхөн төлж, эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа тэтгэвэрт гарах боломжтой болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 45,6 мянга орчим малчин өндөр насны тэтгэвэр, 9500 малчин хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байна. Үүний олонхи нь 1990 оноос өмнө нэгдэл, Сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан гэсэн тоо байдаг аж. Тэгвэл энэ хуулиуд батлагдсанаар малчдад ямар давуу талтай вэ.

Малчид 50, 55 насандаа тэтгэвэрт гарна

Хууль санаачлагчид Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд малчдын тэтгэврийн насыг наашлуулах саналыг оруулж байгаа юм. Монголын нүүдлийн соёл иргэншлийн өв тээгч болсон малчид олон жил үнэлгээгүй хөдөлмөрийг цаг наргүй эрхэлж, төрд дарамт болохгүй, ажлын байр нэхэлгүй, өөрсдийгөө болон үр хүүхдээ тэжээн амьдарсаар ирсэн. Малчид нь жилийн дөрвөн улиралд байгаль, цаг уураас шууд хараат нөхцөлд  мал сүргээ даган хариулах, хамгаалах гэж өдөр шөнийн ээлжгүй, ажил, амралтын горимгүй, халуунд халж, хүйтэнд хөрж  байдгаас  наснаасаа эрт хөгширч, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар нь буурч, дундаж наслалт нь харьцангуй доогуур байдаг аж. Тиймээс малчдын тэтвэрийн насыг таван жилээр доошлуулах буюу эрэгтэй 55 нас, эмэгтэй 50 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байхаар тусгажээ. Мөн иргэний малчнаар ажиллаж шимтгэл төлсөн нэг жилийг нэг жил зургаан сараар тооцуулах саналыг оруулж байгаа юм байна.

Сайн дурын даатгуулагчийн тоог нэмнэ

Харин Нийгмийн даатгалын тухай хуульд малчид сайн дураар даатгуулын шимтгэлээ төлөхдөө сар, улирал, жилээр төлж болохоор уян хатан зохицуулалт оруулж байгаа юм байна. Тодруулбал, малчид ноос ноолуурын, өвлийн идэшний цагаар буюу орлоготой болсон үедээ даатгалын шимтгэлээ төлөөд явах боломжтой юм. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор малчид нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой боловч орлогын түвшин доогуур, мал аж ахуйн үйлдвэрлэл улирлын чанартайгаас сар бүр шимтгэл төлөх боломжгүй байдаг аж. Тиймээс сайн дураар даатгуулагч төлбөл зохих шимтгэлээ сар, улирал, жилээр төлж болохоор хугацааг уян хатан зохицуулснаар тэдний, ялангуяа малчдын нийгмийн даатгалд хамрагдалт сайжирч, нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагчид үзэж буй. Нийгмийн даатгалын байгууллагаас гаргаж буй судалгаагаар  25 мянга орчим буюу нийт малчдын зургаа орчим хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байна.

Нэг удаа нөхөн тооцуулах боломжтой

Малчдын нийгмийн баталгааг хангах гурав дахь хуулийн төсөл бол Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл юм. Энэ хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй, тэтгэвэрт гарах насны малчид нэг удаад даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах боломжтой гэнэ. Тодруулбал, 1995 оноос хойшхи 20 жилийн хугацаанд төлөгдөөгүй шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх боломжтой болно гэсэн үг юм. Өнгөрсөн онд ажилласан жилээ нөхөн тооцуулах хуулийн төсөл батлагдаж маш олон иргэд хамрагдаж чадсан. Тиймээс хүнд хөдөлмөр эрхэлдэг малчдаа  нэг удаа  нөхөн тооцуулах боломжийг төрөөс олгох ёстой гэж хууль санаачлагчид хэлж байна. Энэ хуулийн төсөл батлагдан хэрэгжсэнээр малчдын тэтгэврийн даатгалд хамрагдалт нэмэгдэж, шимтгэлээ нөхөн төлснөөр сангийн орлого бүрдүүлэлтэд эерэг нөлөө үзүүлнэ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж