
АНУ болон Европын холбооноос Иранд тавьсан зарим хоригийг цуцалж буйгаа зарлажээ. Иран уран баяжуулах төхөөрөмжийн зарим хэсгийг зогсоох шийдвэрээ зарласны дараа тэд ийнхүү шийдсэн байна. Энэ шийдвэрт Ираны гол орлогыг бүрдүүлэгч нефтийн экспорт ч багтаж буй юм. Тодруулбал, Ираны нефтийн худалдааг хасах талаар авах арга хэмжээг түр зогсоосноо АНУ-ын Сангийн яамнаас албан ёсоор мэдэгдсэн байна.
Европын холбооны тухайд 2012 оноос хойш хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ираны түүхий нефтийн тээвэрлэлт ба даатгалтай холбоотой хоригийг цуцалж байна. Мөн үнэт металлын наймааг Ираны төрийн байгууллагууд болон Засгийн газар, Төв банктай нь хийхийг хориглосон байснаа цуцалжээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Иран цөмийн хөтөлбөрөө хагас жилийн хугацаатай зогсоож байгааг Тегеран ба зуучлагч зургаагийн хэлэлцээр дээр тохиролцсон юм. Нэгдүгээр сарын 20-нд Иран тохиолцсоны дагуу уран баяжуулалтаа зогсоож буйг зарлав. Ирэх сарын эхээр гадаадын банкуудад битүүмжлэгдсэн хөрөнгийнхөө эхний хэсгийг авах боломжийг Иранд өгнө гэж хүлээгдэж буй. Иранд тавигдсан хоригийн дагуу нийт 4,2 тэрбум ам.доллар нь битүүмжлэгдсэн байгаа.