Сайд санал өгвөл хууль зөрчих үү?

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

Сайд санал өгвөл хууль зөрчих үү?

УИХ-ын гишүүн давхар дээлтэй байх уу, дан дээлтэй байх уу гэдэг асуудлыг маргааш УИХ нийтээрээ хэлэлцэнэ. Н.Алтанхуягийн “шинэчлэлийн” Засгийн газрын 19 сайдын 17 нь УИХ-ын гишүүн байгаа нь хяналтгүй төрийн хамгийн сонгодог жишээ болж байгаа учир Ерөнхийлөгч Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах санаачилга гаргаж, “Ерөнхий сайдаас бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан. Ерөнхийлөгчийн санаачилснаар бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хүлээхгүйгээр төрийг хяналттай болгох хамгийн дөт зам энэ бололтой. Хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ дахь МАН-ын бүлэг 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Харин АН-ын бүлэг 2016 оноос хэрэгжүүлье гэсэн санал гаргаад буй.

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролын хэлснээр эрх ашгийн зөрчилтэй буюу сайд хийж байгаа УИХ-ын гишүүд нэгдсэн чуулган, байнгын хорооны хуралдаанд санал өгөх үед санал хураалтад оролцохгүй байж, Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай гэнэ. Мөн УИХ-ын  чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 91.6-д “Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ” ,   91.7-д “Энэ хуулийн 91.6-д заасны дагуу гишүүн санал хураалтад оролцохоос татгалзсан бол түүнийг тухайн санал хураалтын ирцэд оруулахгүй” гэж тус тус заажээ. Иймд эрх ашгийн зөрчилтэй сайд нар санал хураалтад оролцохоос сайн дураараа татгалзаж, хуулиа биелүүлэх хэрэгтэй байгааг МАН-ынхан онцолоод буй. Маргааш чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх сайд нар санал өгөх болов уу.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж