Цэцийн дүгнэлтийг хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

Цэцийн дүгнэлтийг хүлээн авлаа

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэх, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Эхэнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд олонхиор цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзсэн юм.

Уг асуудал дээр УИХ-ыг төлөөлөн оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Х.Тэмүүжин гишүүн байсан бөгөөд энэ удаагийн хуралд оролцох боломжгүй, гадаад томилолттой байгаа тул цэцийн дүгнэлтийг хэрхэн ойлгох тухай маргаан багагүй хугацаанд үргэлжилсэн юм.

Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр болсон бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсгийн “Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч,  эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтыг зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэхдээ  “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч нь зөвхөн өмгөөлөгчөөр уламжлан Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхээр хуульчилснаар иргэний өөрийгөө өмгөөлөх эрх болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … өөрийгөө өмгөөлөх, … шүүхийн шийдвэрийг давж заалдах … эрхтэй.” гэснийг зөрчсөн байна хэмээн дүгнэсэн юм.

Байнгын хорооноос цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбоотойгоор уг заалтад нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулсан бөгөөд “хохирогч өөрөө болон түүний өмгөөлөгч нь гомдол гаргах эрхтэй” хэмээн оруулах санал гаргаж, дэмжсэн байна. 

Дараагаар нь байнгын хороо Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийг дагалдан өөрчлөгдөх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр анхаарлын төвд байсан асуудал нь АТГ-т ажиллагсдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай байсан бөгөөд тус газар ажилласан жилийг цэргийн албанд ажилласанд тооцох зэрэг заалт нь маргаан дагуулж байв.

Тухайлбал, Ц.Нямдорж гишүүн “Цагдаагийн албан хаагчдынхыг хасчихсан хэрнээ, цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмж рүү АТГ-ынхыг оруулж байгаа нь шударга биш байна” гэсэн бол Ц.Ганбат гишүүн “Манайх шиг цөөхөн хүнтэй улсад хүн бүр цэргийн албыг хаах ёстой. Цэргийн алба нь ардын хүүхдийн алба болчихсон энэ үед цэргийн албанаас бултах, дүйцүүлэх боломжийг өгч байгаа нь тохиромжгүй” гэх санал хэлж байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Цагдаа, хууль хүчний байгууллагуудын бүтцийн өөрчлөлтийн талаар шүүмжлэлт саналууд гарч байсан бөгөөд Ж.Батзандан гишүүн “Шинэтгэл гэдэг бол цэрийг цээжинд, бөөрийг бөгсөнд нь аваачихыг хэлдэг болохоос биш бужигнуулахыг хэлдэггүй юм. Цагдаа, хуулийн байгууллагын тухай хууль батлагдаж, энэ хуулийг газар дээр нь хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцсан ажлын хэсгийн гишүүний хувьд хэлэхэд газар дээр ойлголтын зөрөө ихтэй, бужигнаантай байдалтай байна” гэсэн юм.

Мөн өдрийн хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Галт зэвсгийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгүүдийг тус тус байгуулснаар хуралдаан өндөрлөсөн юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж