
Нийт Монгол хэрэглэгчиддээ цагаан сарын баяраараа Монгол хүний хөдөлмөрөөр бүтсэн үндэсний бүтээгдэхүүнээр гар цайлгаж баярлая гэж уриалж байна.
Аливаа ёс заншил, зуршил, дэг жаяг цаг үеийн байдал, тухайн үеийн нийгэм эдийн засгийн онцлогийг тусган бүрэлдэн тогтдог. Цагаан сар болон бусад баяраар голдуу урд хөршид хийгдсэн, хямд боловч гардуулаад өгөхөд өнгөлөг аахар шаахар зүйлээр гар цайлгаж хэвшсэн нь энэ баярыг сэргээн өргөн дэлгэр тэмдэглэж эхлэх үетэй монгол үйлдэврлэгчдэд бараа байхгүй, монгол хэрэглэгчдэд мөнгө байхгүй цаг үе түүхэн шаардлагаар давхцсаных юм. Харин зарим зуршил, хэв жаяг нэг тогтохоороо орчны нөхцөл өөрчлөгдөж шалтгаан нь устаж үгүй боллоо ч инерциэрээ тэр хэвэндээ тогтоод үлдэх нь бий.
1990-өөд онтой харьцуулахад хүнд өгөхөд нүүр улайхааргүй монгол бүтээгдэхүүн олширч, монгол хэрэглэгчийн бэл ч харьцангуй сайжирч иржээ. Одоо харин дадал, заншил өөрчлөгдөх хэрэгтэй. Аливаа дадал зуршил сэтгэлгээний өөрчлөлтийг даган өөрчлөгддөг. Баярын бэлгэнд хандах бидний сэтгэлгээ одоогоор ямаршуу байна вэ?
Юун түрүүнд гялгар байх ёстой. Өгч байгаа агшинд гялгар, өнгөлөг харагдахаар бол ширээн дээр тавьдаг онцын хэрэггүй чулуун матар, төд удалгүй наалт нь салах хавчаар хүртэл бэлэг. Японд бол даруухан өнгийн боолт, цаасаар л бэлгийг гоёдог. Боолт задархад баяр дуусч жир амьдрал гарч ирдэг. Жирийн япон хүний гараас төрсөн, жирийн япон хүн өдөр тутмын л амьдралдаа хэрэглэдэг бараанууд гарч ирнэ. Варьень, ургамлынтос, цуу, цай, хооламтлагч, хиам, виски гэх мэт. Жимс ногоо тарьдаг хүн бол хайрцагтай жимс илгээнэ. Зуны халуунд Асахи, Саппоро гэх мэт хүйтэн пиво бэлгэнд илгээнэ. Түүнчлэн Мияазакийн үхрийн мах гэхчлэн нутаг болгон ямар нэг хүнс, хоолны амтаараа алдартай,
түүнийгээ янз бүрээр савлаад Тоокёо руу их рекламдана. Бүс нутгийн идээг бэлэг, брэнд болгох маркетинг маш өндөр түвшинд хөгжсөн байгааг ердийн л шанцайг давсалж гялгар уутанд даршилсан бараа Яманаши мужийн хамгийн гүйлгээтэй бэлгэнд сонгогдож байснаас бэлээхэн харж болно. Түүнтэй адил гар цайлгадаг гялгар эдээс илүү жир амьдралд хэрэгтэй эгэл, бодь зүйлсийг ч бэлэг гэж харж сурвал Монголд бүтээгдсэн боломжийн бэлэг лангуу дүүрэн байна. Энхжин цай, Аморе зайрмаг, Шар Доктор, Газар Шимийн алаг салат, варьень, Мах Импексийн хиам, Витафитын жимсний шүүснүүд гээд савлагаа сайтай хэнд ч өгсөн нүүр улайхааргүй хүнсний бүтээгдэхүүн хангалттай олон бий. Цаашлаад Мон Сударын хүүхдийн номнууд, Мандухай Хатан-ы гарын тос, Янмалын оймс, Воштернийн шампунь, суран тэлээ, эсгий сав суулга, үзэгний сав гэх мэт монгол бараануудаа бэлэг болгож заншвал монгол бизнесүүдэд орлого орж, ажлын байраа нэмэх боломж болж хувирна. Энэ нь гадаад худалдаа хийдэг иргэний орлогод түр зуурын уналт авчирч магадгүй ч урт хугацаанд илүү олон монгол иргэнд аль нэгэн монгол компанид өөрийн гэсэн хамт олонтой, зорилго мэдлэг агуулсан ажлын байр авчирах болно. Жишээ нь Японд валентины баяраар жилийн нийт шокладны борлуултын 11-14 хувь хийгддэг. Бүх төрлийн импортын шоклад мэдээж байдаг ч баяр юм байна польш юм уу швеицарь шоклад өгье гэх хүн ч ховор, нөгөө талаар Мэижи, Моринага тэргүүтэй дотоодын үйлдвэрлэгчид ч өдөр тутам түцнээс аваад зажилж л байдаг барааг нь танигдахын аргагүй сайхан боогоод өрөөд, тусгай лангуу ажиллуулаад идэвхитэй ажиллана. Ганцхан компаниар жишээ авахад Мэижи Чихэр Боов 4000 орчим ажилтантай. Валентинаар япончууд швеицарь шоклад өгдөг байсан бол дор хаяж 400 япон айлын аав ээжид ажлын байр үүсэх боломж алдагдаж байгаа юм.
Аж ахуйн нэгжүүд ч нэгэнтээ хүч хөдөлмөр заран хийсэн бараагаа баяр гэдэг борлуулалт хийх сайхан завшааныг алдалгүй, бэлэглэх хүний сэтгэл, нүүрийг түлэхгүй хэмжээнд савлаж, баглах, хүртээмж сайтай борлуулалт хийцгээе. Нэг Монгол үйлдвэрлэгч бараагаа бэлэгжүүлж, нэг Монгол хэрэглэгч дор бүрнээ бэлэгээ монголжуулвал үндэсний хэмжээнд Монгол хүний орлогын түвшин нэмэгдэж, илүү сайн сайхан нийгэмд нэг алхам дөхөх болно.
Хуучны дадал амь бөхтэй оршсоор байгаа ч өөрчлөлтийн салхи хэдийн үлээж эхлээд томоохон худалдааны төвүүдэд үзэгслэн худалдаа зохион байгуулагдаж, SNS, олон нийтийн нетворкоор олон янзын бэлэг, бүтээгдэхүүний санаа их сурталчлагдах болсон байна. Твиттерт #MadeInMongolia шошгоор хайлт хийхэд маш олон барааны мэдээлэл авах боломжтой. Мөн Мишээл экспо төвд 1 дүгээр сарын 14-нөөс эхлэн 10 хоног, Дүнжингарав худалдааны төвд 1 дүгээр сарын 14-нөөс 14 хоногийн хугацаатайгаар нийт 2500 м2 тайлбайд ноос, ноолуур, арьс шир, оёдол, мод, хэвлэл сав баглаа боодлын, гоо сайхан, гоёл чимэглэл, хүнсний болон өрхийн нийтдээ 500 орчим аж ахуйн нэгж хувь хүнийг оролцуулан зохион байгуулагдаж байна.Өнгөрсөн жил зохион байгуулсан “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2014” үзэсгэлэн худалдаагаар нийтдээ 4 тэрбум гаруй төгрөгийн худалдаа хийгдсэн нь дор хаяж 4000 хүний нэг сарын орлого, айл өрхийн хэрэглээ, хүүхдийн зардалд шингэн монголдоо үлдсэн юм.
Энэхүү уриалгыг уншиж буй та ч гэсэн эдгээр үзэсгэлэн худалдаанаас, эсвэл Барс захын хажууд байдаг үндэсний бүтээгдэхүүний дэлгүүрээс худалдан авалт хийж илүү дээр нийгмийн бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулаарай. Нийт Монголчуудаараа цагаан сар төдийгүй төрсөн өдөр, шинэ жил, шинэ хүн төрсний баяр, валентин, цэргийн баяр, эх үрсийн баяраар дотнын хүмүүсээ баярлуулах ямар нэгэн зүйл өгөхдөө монгол бүтээгдэхүүнээ худалдан авцгаая!
@bolushka