
Уг асуудлаар УБТЗ-ын Зорчигч тээврийн албаны дарга С.Бат-Очиртой уулзан асууж тодрууллаа.
-Тэрээр, өнгөрсөн 19-нд ОХУ-ын Новосибирск хотын цаахан талд байдаг Каргат өртөөний орчимд Улаанбаатар-Москвагийн чиглэлийн суудлын 5-р галт тэрэгний 511-р вагоны хос дугуйд гэмтэл гарч, дөрвөн цаг гаруй саатсан тохиолдол гарлаа. Бид, ОХУ-ын тухайн төмөр замын удирдлагуудтай ярьж, уг вагонд зорчиж явсан 11 хүнийг өөр вагонуудад шилжүүлэн суулгаж, гэмтэлтэй вагоны дугуйг солиулан, Новосибирск өртөөнд татаж авчирсан болно. Хос дугуй гэмтсэн шалтгааныг судалж тогтоохоор манай хоёр мэргэжилтэн өнөөдөр гарч байна. Гэмтэл гарсан хос дугуйг өнгөрсөн арваннэгдүгээр сард ОХУ-ын Красноярскийн вагон засварын үйлдвэрт их засвар хийлгэн авчирсан юм. Их засварын баталгаат хугацаа 12 сар байдаг. Тухайн үед зөрж явсан галт тэрэгний машинч хос дугуйнаас оч хаяж байгаа тухай 5-р галт тэрэгний машинчид радио холбоогоороо мэдэгдэж зогсоосон байна билээ. Галт тэрэг зогссон өртөөний орчимд хос дугуй солих засварын газаргүй учир вагоныг салгаж, үлдээх гэж цаг алдсан тал бий. Харин, зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан шиг дугуй нь салаад өнхөрөөд явчихсан, шатсан юм байхгүй. Суудлын галт тэргийг Москва ороод буцаж ирэхэд нь уг вагоныг холбож, Улаанбаатарт авчрах болно гэлээ.
Б.БАТ