
Шалгалтаар ерөнхий боловсролын 1, 3, 24 дүгээр сургууль, “Боловсрол” цогцолбор, “Гэгээрэл”, “Үй цай”, “Хобби”, “Сод”, “Сод эрдэм”, “Болор”, Шинэ үе”, ”Сант”, “Орчлон”, “Наран”, “Зуунбилэг”, “Орхон” зэрэг сургуулиуд 80-аас дээш хувийн стандарт хангалттай харьцангуй сайн шалгуулсан байна. Харин нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 5. 9-р ангийн математикийн шалгалтаар нийт 69 сургууль 5. 9-р ангийн монгол хэлний шалгалтаар 45 сургууль 60-аас доош хувийн стандартын хангалтын үзүүлэлттэй шалгагдсанаас, Налайх дүүргийн “Эрдэм-Оргил” цогцолбор сургуулийн шалгалтад хамрагдсан 296 сурагчийн 210 нь F дүн авсан байна.
Мөн төрийн өмчийн 4, 53, 54, 79,113, 117-р сургууль, “Сэтгэмж” цогцолбор, төрийн бус өмчийн “Русская гимназия”, “Сэн лизэ”, “Онон”, “Найрамдал” сургуулиудаас хамрагдсан зарим ангийн сурагчдын ихэнх нь хангалтгүй үнэлгээтэй шалгагджээ. Математик, монгол хэлний бага, суурь боловсролын стандартын төвшин тогтоох хөндлөнгийн шалгалтаар 8066 сурагч F үнэлгээ авч, 61.7 хувийн стандарт хангалттай шалгагдсан байхад 5, 9-р ангийн сурагчид төгсөлтийн шалгалтаар F-гүй 100 хувийн стандарт хангалттай дүгнэгдсэнээс үзэхэд ЕБС-иуд сургалтын үйл ажиллагааныхаа төвшинг бодитой үнэлж чадахгүй байгааг харуулж байна.
Багш бэлтгэх сургуульд элсэгчид болон төгсөгчдийн мэдлэг, чадвар хангалтгүй байгаа, зарим сургуульд мэргэжлийн бус багш ажиллаж байгаа, багш ажлын үнэлэмж, цалин хөлс бага, нийслэлийн ЕБС-ийн 136332 суудалтай 280 хичээлийн байранд 184351 сурагч суралцаж, хүчин чадал нь 48019 хүүхдээр хэтэрсэн ачаалалтай хичээллэж байгаа, нийт 58 сургуульд бүлгийн дүүргэлт норматив хэмжээнээсээ хэтэрч, зарим сургуулийн нэг бүлэгт 36-58 сурагч суралцаж байгаа, 159 сургуульд сурах бичгийн хангалт 57.6 хувьтай, сурагчдыг шаардлагатай сурах бичгээр бүрэн хангаж чадаагүй байгаа, иргэдийн амьжиргааны төвшин доогуур, үр хүүхдэдээ тавих анхаарах хяналт сул байгаа, ядуурлаас шалтгаалан сургуулийн насны зарим хүүхдүүд эцэг эхдээ туслах зорилгоор ачаа бараа зөөх, уурхайд ажиллах, нүүрс, хог, хоёрдогч түүхий эд түүх зэрэг ажил хийдэг, хичээл давтах цаг хомс, хүүхдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх газар цөөн, ерөнхий боловсролын сургууль тойрсон PC тоглоомын газар олширсон зэрэг бусад хүчин зүйлүүд бага, дунд боловсролын сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байна.
Шалгалтад хамрагдсан сургуулиудад зөрчил дутагдал арилгах чиглэлээр хугацаатай 21 албан шаардлага өгчээ. Цаашид авах арга хэмжээний талаарх саналыг МХЕГ, Нийслэлийн боловсролын газарт хүргүүлэх, доогуур үзүүлэлттэй гарсан сургуулиудад 10 дугаар сард гүйцэтгэлийн шалгалт хийхээр төлөвлөж байгаа аж.
Б.Анхаа