"Хахууль өгч, хуйвалдаж авсан төр түмний өмчийг минийх гэж бүү хэл"

Хуучирсан мэдээ: 2013.12.01-нд нийтлэгдсэн

"Хахууль өгч, хуйвалдаж авсан төр түмний өмчийг минийх гэж бүү хэл"

УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

"Хахууль өгч, хуйвалдаж авсан төр түмний өмчийг минийх гэж бүү хэл"

-Удахгүй хаврын чуулган эхэлнэ. Намрын чуулганы завсарлагаанаар танай бүлгийн гишүүд хэр идэвхтэй ажиллав гэдгээс яриагаа эхлэх үү?
-Чуулганы завсарлагаанаар гишүүдийн дийлэнх нь орон нутагт ажиллаж, Газрын тухай хуулийн талаар түлхүү ярьсан.  Удахгүй эхлэх хаврын чуулганаар хэлэлцэх хэд хэдэн чухал асуудал бий. Тиймээс энэ хавар нэлээд улстөржих шинжтэй байгаа. Яагаад гэвэл улс орны эдийн засгийн хөгжлийг тодорхойлж, хүн амын амьжиргааг сайжруулахад чиглэсэн суурь хуулиудыг хэлэлцэнэ. Үүний тулд парламентад ойголцол нэн шаардлагатай. Улс, нийгэмд чухал хуулиудыг хэлэлцэн шийдвэрлэх учраас УИХ-ын гишүүд мэдээлэл сайтай, асуудалд нухацтай хандана биз. Ийм цаг хугацааны шалгуур дээр энэ хаврын чуулган эхлэх гэж байна.

-Тухайлбал, ямар хуулиуд дээр улстөржинө гэж?
-Газрын тухай багц хууль байна. Олон жил хойшлогдсоны эцэст сая намрын чуулганаар хэлэлцэх шатанд орж ирсэн. Мөн Су.Батболд гишүүний өргөн барьсан Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байна. Энэ хууль төрийн албаны эрх зүйг өөрчлөхөд  ач холбогдолтой. Гэхдээ хэлэлцээд батлах хүртэл хүндрэл гарна. Энэ хуулиуд Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай энэ хуулиуд хэр зөрчилдөж байна вэ гэдэг асуудал сөхөгдөнө.  Ер нь дээрх хуулиудад өөрчлөлт оруулахаас урьтаад Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх  асуудал ч тулгарч магадгүй.

-Үндсэн хуулийн аль хэсэгт ямар өөрчлөлт хийх шаардлагатай гэж та үзэж байна вэ? 
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий. Суурь хууль нь батлагдаад  22 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монголын  нийгэм, эдийн засаг, улс төрийн орчны төсөөлөл  өөрчлөгдсөн байна. 20 жилийн өмнөх цонхоор өнөөдрийг харж ажиллаж болохгүй. Үндсэн хуульд нэн түрүүнд төрийн бодлогыг хэн тодорхойлох вэ гэдэг ойлголтыг  нэг мөр болгох ёстой. Төрийн бодлогыг улс төрийн намууд юм уу, эсвэл хувь хүн, эсвэл нэг гэр бүл  тодорхойлох эсэхийг ойлгомжтой болгох хэрэгтэй байна. Монгол Улс ардчилсан парламентын засаглалтай орон хэмээн суурь хуулиндаа заасан хэр нь төрийн бодлогын эх үүсвэр нь хаана  байх юм гэдгийг тодорхой тусгаагүй.

-Таны бодлоор Монгол төрийн бодлогыг өнөөдөр хэн тодорхойлж байгаа юм?
-Улс төрийн нам төрийн бодлогыг хэрэгжүүлдэг гол субъект. Нам бол хамтын шийдвэрээр аливаа асуудлыг шийддэг  байгууллага учраас манайд ингэхээс өөр сонголт байхгүй. Монгол Улсад “хаант засаг” шаардлагагүй гэдэг нь илт байна. Тэр тусмаа хоёр том хөршийн дунд байгаа жижигхэн орон хамтын шийдвэр дээр оршин тогтноно. Энэ зарчмыг суурь хуулиндаа шигтгэж өгөх шаардлага тулгараад байна. УИХ-ын төвшинд 2013 оныг сууриар нь харвал үндсэн зарчмуудаа тодорхойлох том хуулиудаа батлах жил байх учиртай. Тухайлбал, Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг энэ ондоо багтаан ярьж, батлах нь чухал. Ингэж чадахгүй 2014 онтой золговол сонгууль угтсан сэтгэл хөөрөл нэмэгдэж, популист үйлдлүүдэд дийлдээд эхэлнэ. Ийм үед чухал хуулиудаа батлахад төвөгтэй болно.

-Нам гэхээр төрийн мөнгийг хувааж иддэг бүлэглэл үүсдэг  гэж харддаг талтай. Намыг данхайлгавал энэ бүлэглэл улам данхайх байх гэсэн ойлголт  байдаг…

-Намын бодлого төрийн бодлогын суурь зарчим мөн. Энэ зарчмаа тодорхой болгоё гэдэг асуудал тавьж байна. Ер нь бид үгүйсгэлийн зарчим дээр амьдарна гэвэл харанхуй замаар явж байгаатай адил. Хэрэв аливаа зүйлийг үгүйсгэж байгаа бол зөв хувилбарыг нь давхар гаргаад ирэх хэрэгтэй. Тийм зүйл байхгүй бол одоо байгаагаа сайжруулахын төлөө явах нь хамгийн чухал. Өнөөдөр зарим хүн  төр шиг хэрэггүй юм байхгүй мэтээр ярьж байна.  Монгол төрийн дархлааг үнэгүйдүүлэхийн төлөө элдэв зүйл хийж байна. Үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Магадгүй өнөөдөр “Монгол Улс намгүй байх ёстой” гэж байгаа  хүмүүс маргааш “төргүй болох хэрэгтэй” гэж ярина. Жижиг машин осолдсон ч бурууг нь төр рүү чихдэг ийм завхралыг хэн, хэний даалгавраар хийгээд байгаа юм бэ.

Төрийн бодлогыг тодорхойлох намаас өөр бүтэц ардчилсан орнуудад байхгүй гэдэг ойлголт дээр хувьдаа бат зогсдог.  Харин замбараагүй олон нам байгуулдаг асуудлыг цэгцлэх нь байж болох зүйл. Нэг хүн, нэг нам байгуулчихаж болдог эрх зүйн орчныг өөрчлөх шаардлага бий.

-Намыг гишүүнчлэлгүй, өмчгүй болгох асуудал сүүлийн үед яригдаад эхэллээ. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?
-Намыг гишүүнчлэлгүй болгох гэхээсээ илүү бодлоготой, хариуцлагатай боловсон хүчинтэй байлгах нь чух ал. Энэ нь өөрөө хавтгайрсан гишүүнчлэл байх уу, үгүй юу гэдгийг аяндаа шүүгээд өгнө. Намыг бодлоготой байх эрх, хариуцлагатай байх үүргийг нь Үндсэн хуульдаа шигтгэж өгч байж цааш явна. Ер нь бол хавтгайрсан гишүүнчлэл бол  цөөн хүн амтай манайх шиг улсад тохиромжгүй нь тэртэй тэргүй өнгөрсөн он жилүүд харагдсан.

Нам өмчтэй байх уу, үгүй юу, хаанаас санхүүжих вэ гэдэг асуудал хөндөгдөж байна. Намын суурь бодлогоор дамжиж төрийн бодлого явна гэдгийг хүлээн зөвшөөрөх юм бол эдгээр зүйлийг шийдэж болно. Намыг гаднаас санхүүждэггүй, өмчгүй, бизнесгүй зөвхөн төрийн бодлогыг боловсруулах чадварлаг бүтэцтэй байхаар зохицуулах цаг нь болсон.

-МАН-ын том байрыг яах вэ гэдэг асуудал бусад намуудын хүрээнд яригдаж байна. Танай нам ч ялгаагүй том байшин бариулахаар зэхэж байгаа биз дээ?
-Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад том байшингаа барихаас татгалзсан шийдвэр гаргасан. Уг нь би генсек байх үедээ нэг байшинтай болчих гэж хэдэн жил хөөцөлдөөд ийм төвшинд хүргэсэн. Гэхдээ ард түмний санаа бодол өөр байх шиг.

-Газрын тухай  багц хууль гарвал иргэдийн газрыг булаах нь гэдэг ойлголт яваад байна. Энэ нь АН-ыг сөрөг хүчний зүгээс шүүмжлэх нэг өнцөг болж байг шиг…
-Саяхан нийслэлд зарим газрын өмчлөлийг цуцалсныг улстөржүүлээд байгаа болов уу. Иргэдийн хувийн өмчид халдаж болохгүй. Гэхдээ хууль бусаар авсан өмч, газар гэдэг ойлголт байх ёсгүй. 1990-ээд оны хувьчлалын үеэр дуудлага худалдаагаар мөнгөө төлөөд олж авсан үл хөдлөх хөрөнгө, газартай болсон хүмүүс бий. Гэтэл нөгөө талд давуу эрхээ ашиглан эрх мэдлээр далайлган үнэгүй өмчтэй болсон нь ч бас байгаа. Энэ асуудал дээр акцент өглөө гэж ойлгож байгаа. Тухайн үеийн түшмэдүүдэд авлига өгөөд авсан газруудыг хурааж авлаа гэж ойлгосон. Үүний төлөө биднийг элдвээр хэлээд байх нь хэр оновчтой юм. Тийм бол би өөрсдийнхнийгөө хамгаална шүү. Нийтийн эрх ашгийг зөрчсөн болгонтой эвлэрч амьдарч чадахгүй. Ийм хууль бус зүйлүүдтэй эвлэрээд явах юм бол Монгол Улс цаашид яах вэ. Лиценз нэрийн дор газраа гадныханд худалдчихаад ардчилал сөнөлөө гэж хашгираад байгаад хүлцэнгүй хандаж болох юм уу.  Энэ асуудал дээр манайхны хийж байгаа зүйл зөв. Гэхдээ хууль бусаар газар олгосон тэр үеийн хурган дарга нарт хариуцлага хүлээлгэхгүй өнгөрөөгөөд байна.

-Гэр хорооллыг орон сууцжуулахдаа иргэдийн газрыг үнэгүйдүүлж булааж авах гэж байгаа юм уу гэдэг талаас нь асуусан юм?
-Иргэдийн газрыг  төр үнэгүйдүүлж  авна гэдэг ойлголт байхгүй. Гэр хорооллыг барилгажуулна гэдгээ нийслэлийн захиргаа нэгэнт зарлачихсан учраас энэ дөрвөн жилд заавал ажлаа хийж эцсийг нь үзэх хэрэгтэй. Энэ тал дээр АН-ын бүлэг анхааралтай ажиллана.Нийслэлийн удирдлагыг УИХ дахь АН-ын бүлгийн хуралд оролцуулна. АН-д өгсөн энэ дөрвөн жил хамгийн үнэ цэнэтэй байх ёстой. Тийм учраас бидэнд айдас байх ёсгүй. Буруу юм хийгээгүй л бол айдасгүйгээр эхэлсэн ажлынхаа ард гарах хэрэгтэй. Угаасаа ард түмэн бидэнд үүрэг өгсөн. Тэрнээс Ардын намын замаар явж, төрийн мөнгийг хувааж идээд дөрвөн жилийн дараа хэдэн бие рүүгээ чулуу шидээд сууж бай гэж сонгоогүй. Болохгүй болчихсон зүйлүүдийг өөрчил, шинэчил гэдэг үүднээс АН-ыг сонгосон.

-Шинэчлэл гэдгийг хэн нэгний бизнесийг хааж, боохоос өөрөөр  ойлгохгүй байна уу гэж харагдахаар байна. Ардчилсан засаг гараад ирсэн чинь юу болчихов оо гэж уулга алдах хүн олон байна. Уг нь олон жил яригдсан үйлдвэрүүдээ эхлүүлж, бүтээн байгуулалтын ажлаа хийх нь шинэчлэл биш гэж үү?
-Ардчилсан Засгийн газар гараад ирсэн чинь юу болчихов оо, бид ийм зүйл хүсээгүй шүү дээ гэж хэлж байгаа нь өөрөө ардчилал, эрх чөлөө  юм. Тэгж хэллээ гээд хүмүүсийг барьж шоронд хийгээгүй шүү дээ. Энэ бол Ардчилсан нийгэмд амьдарч байгаагийн баталгаа. Аливаа зүйлийн алдааг хэлж өгч байгаа нь өөрөө ардчилал. Хүн алдаад байхад мэдээгүй царайлаад чимээгүй юу ч хэлэхээс айгаад явна гэдэг бол коммунизм. Бид энэ замыг туулаад ирсэн. Сайтын сэтгэгдлийг хянах шийдвэр гаргасан нь буруу.  Яагаад гэвэл хүний үгийг хорьж, боомилдог ардчилал байдаггүй. Гэхдээ үг бүр эзэнтэй байх нь чухал. Эзэнгүй үгтэй ардчилал байхгүй шүү. Бизнесээ хаалгасан гээд байгаа хүмүүст нэг зүйл хэлье. Бүхнийг авлигаар шийдэх гэж битгий оролд. Чин  шударгаар явж байгаа хүмүүсийн өмч рүү халдах эрх харин бидэнд байхгүй есгуй. Энэ бол ардчиллын мөн чанар. Хахууль өгч, хуйвалдаж авсан төр түмний хөрөнгийг "минийх" гэж бүү хэл! Хууль бусаар авсан өмчийг нь буцаагаад авахаар хэвлэлд мөнгө төлөөд “Ардчилал хумигджээ” гэж битгий орилоод бай. Энэ бүхэн чинь Монгол Улсыг анархизм руу түлхэж байна. АН гарч ирээд нийгэмд байгаа зөв болгоныг нурааж байна гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлнэ гэвэл дэндүү эндүүрэл. Бондын хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажил үндсэндээ бэлэн болсон. Харин ажиллах хүчний хувьд бид бэлэн үү гэдгээ бодох хэрэгтэй.

Эдийн засгийн чухал ач холбогдол бүхий бонд, Оюу толгой, Таван толгойн асуудлуудыг дэврээж "үнэгүйдүүлэх хам шинжийн өвчин" ихээр газар авч байгаа нь Монгол Улсын эдийн засгийн  дархлаанд сөрөг нөлөөлж байгааг хүн бүр бодож үзэх нь чухал байна. Өөрөөр хэлбэл биднээс сахилга, хариуцлага, шударга ёс гурвыг нэхээд байгаа хэрэг.

-АН-ынхан албан тушаалд очиж, хэт өндөрт гарчихаад ард түмнийхээ амьдрал руу бууж ирэхгүй, мартсан гэх шүүмжлэл  байна?
-Шүүмжилж байгаа  бол сайн хэрэг. АН шүүмжлэлийг сонсч байгаа нь ч сайн хэрэг. Шүүмжилсэн болгоныг цавчаад эхэлбэл  муу засаг болно. Бидэнд алдаа байж болно. Гэхдээ алдаанаас айгаад хуучнаар амьдарч болохгүй. Харин АН-аас томилогдсон жижиг түшмэдүүд тэнгэрт гарч, гоё хувцас өмсчихөөд хамарт нь баас түрхчихсэн аятай яваад байгаа бол туйлын буруу. Хэрэв ийм зүйлүүд баримттай, эзэнтэй байвал хариуцлага тооцно. Иймэрхүү хийрхсэн байдал нь АН-ыг нөхөж баршгүй алдаанд хүргэх учраас тэр л дээ.

-М.Батчимэг гишүүн саяхан нэг ярилцлагадаа АН хуучин МАХН-ын улс төрийн товчоо шиг болчихсон гэсэн байна лээ. Үнэхээр тийм болчихсон юм уу?
-М.Батчимэгээс эхлээд олон бүсгүйчүүдийг АН- ын төлөөлөл  болгож  улстөрд   намын бодлогоор  оруулж ирсэн. Үүнийгээ алдаа гэж үзэхгүй.   Улс төрийн нам гэдэг өөрөө бодлоготой, гал тогоотой, удирдлагатай байдаг. Энэ хүрээнд шийдсэн хамтын шийдэл бүр нь улс төрийн бодлогыг урагш хөтлөх хөдөлгүүр болдог. Энэ хөдөлгүүр сонгуулийн өмнө зөв ажилласан гэж бодож байгаа. Харин үүнийг зогсоох гэж байгаа үйлдэл бүхэн буруу.

-Шүүмжлэл хэлснийх нь төлөө М.Батчимэг гишүүнийг эргүүлэн татна гэсэн яриа гадуур гарчээ. АН гишүүдийнхээ үгийг сонсохоо байсан. Үг хэлсэн нэгийг нь хавчин гадуурхдагаараа МАН-аа ялгарахгүй болчихсон гэдэг үнэн үү?
-Тэнэсэн үг болгоныг би шүүрч авдаг нь биш. Энэ намд аливааг ардчиллын зарчмаар шийдэж ирсэн уламжлал байсан, одоо ч байгаа, цаашид ч байх  болно.

-МАН, МАХН хоёрын нэгдлийн талаар та ямар бодолтой байгаа вэ. Энэ хоёр нам Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч орвол Засгийн байгуулахад “Шударга ёс” эвсэлтэй  хийсэн гэрээний заалт юу болох бол?
-Бидний хамтын ажиллагааны гэрээнд  сонгуулийн тухай нэг л заалт бий. Бусад нь улс орныг засч сайжруулъя, шударга ёсны төлөө явъя, эдийн засгийг хөгжлийг урагшлуулъя  гэсэн том зорилттой. Тийм учраас бид МАН, МАХН-ын хамтралын асуудалд нэг их ач холбогдол өгөхгүй байна. Тэртэй тэргүй намууд Үндсэн хуульд заасан эрхээ эдлээд явах нь зүйн хэрэг. Үүнийг улстөржүүлж, ач холбогдол өгөөд байгаа нь зөв үү, буруу юу мэдэхгүй. АН тодорхой байр суурьтай, оорийн үзэл баримтлал, үнэ цэнэтэй, өөрийн гэсэн нэр дэвшигчтэй шүү дээ. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд хамтраад оролцох  намууддаа саналаа тавиад явна.

-Засгийн газар байгуулахад хийсэн гэрээ  үйлчлэхгүй гэж үү?

-Гэрээ хууль давж үйлчилдэггүйг бид бүхэн мэдэж байгаа.

-“Шударга ёс” эвсэл АН хэлмэгдүүлэлтийг зогсоож, Н.Энхбаяр даргыг аварсангүй гэдэг шалтгаанаар МАН руу явж байгаа юм болов уу гэж ойлгосон…
– Долоо хэмжиж нэг огтлох байлгүй дээ.

-УИХ-ын гишүүд 76-уулаа болоход хоёр гишүүн дутуу байна. Энэ хүмүүс хэзээ тангараг өргөх бол?
-Өвөрхангайн тойргийн асуудал нь эрх зүйн хүрээндээ бүрэн шийдэгдсэний дараа чуулганаар орно. Энэ хугацаа нь хаврын чуулган байх болов уу. Нэр дэвшигчдийн хэн нь парламентад орж ирэх нь хамаагүй. Сонгинохайрханы асуудал бол дахин санал хураалтаар шийдэгдэнэ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Эх сурвалж: www.democrats.mn

2013.04.02

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж