Талбайн тенниний дөрвөн “Их дуулга” тэмцээний эхнийх болох “Австралийн нээлттэй тэмцээн” Мельбурн хотноо ес дэх өдрөө үргэлжилж байна.
Энэ өдөр эмэгтэйчүүдийн хагас шигшээд өрсөлдөх хоёр теннисчин тодорлоо. Тус тэмцээнд дөрөвт эрэмбэтэй тоглосон БНХАУ-ын Ли На Италийн Пеннетаг нэг цаг долоо минут үргэлжилсэн тоглолтод 6:2, 6:2-ийн харьцаагаар буулган авсан.
Харин тус тэмцээнд анх удаа тоглохдоо 30-д эрэмбэлэгдсэн Канадын Бушардын хувьд томоохон тэсрэлтийг хийж хагас шигшээд Ли На-тай өрсөлдөхөөр шалгарав. 19 настай Бушардын хувьд сүүлийн 20 жил Канад теннисчин тус тэмцээний хагас шигшээд шалгараагүй амжилтыг үзүүлж байна. Тэрээр Ана Ивановичтой тулах хүртлээ өөрөөсөө чансаа доогуур теннисчдийг хожсоор шөвгийн наймд шалгарсан. Улмаар хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө өмнөх тойргуудад Австралийн Саманта Стосур, дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уильямс нарыг дараалан буулган авсан Ана Иванович байсан. Гэвч энэхүү тоглолт 15 мянган хүний суудалтай, “Род Лейвер Арена”-д болоход 5:7, 7:5, 6:2-ийн харьцаагаар Бучард ялалт байгуулснаар тус тэмцээний шигшээд хоёр удаа (2011, 2013) шалгарсан БНХАУ-ын Ли На-тай өрсөлдөхөөр боллоо.
Нөгөө хэсгийн ¼-ийн тоглолт маргааш болох бөгөөд өнгөрсөн жилийн аварга Беларусын Виктория Азаренка Польшийн Радваньска(5), Румын Халеп(11) Словакийн Доминика Цибулкова(20) нар шалгараад байгаа.
Эрчүүдийн хагас шигшээд долоод эрэмбэтэй тоглосон Чехийн Томаш Бердых шалгараад байна.