20 гаруй жилийн түүхтэй Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн тухай хуулийн дагуу ТУЗ-ийн хараат бус гишүүнээ сонгох гэж байна. Хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарласан бөгөөд ирэх сарын 10-ныг хүртэл материалыг хүлээн авах талаар Төрийн өмчийн хорооноос мэдээллээ. Компанийн засаглалыг сайжруулж, үр ашигтай ажиллахад нөлөөтэй хараат бус гишүүнээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй, хяналтын багц эзэмшдэггүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хамгийн гол нь металлургийн салбарт туршлагатай хүнийг сонгох юм байна. Мөн компанийн засаглалын сургалтанд суусан байх шаардлагыг тавих ажээ.
Ийнхүү жилдээ 121.7 мянган тонн хаягдал хар төмөрлөг хайлуулж, 108.7 мянган тонн бэлдэц үйлдвэрлэж, түүгээрээ 100 мянган тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай улсын төмөрлөгийн салбарт чухал байр суурь эзэлдэг тус ТӨХК төлөөлөн удирдах зөвлөлдөө компани, эрх мэдэл бүхий төрийн байгууллагуудаас хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилохоор болжээ.