Өнгөрсөн жилийн хувьд “Сумын залуус” төсөлд 1300, “Ажлын гараа” төсөлд 300, “Цагийн ажил” төсөлд 800 орчим залуу хамрагдаж, ажил эрхэлсэн байна. “Сумын залуус” төсөлд оюутан, залуучуудыг дөрөв дөрвөөр нь нэг баг болгон 21 аймгийн 331 сумдад эзэмшсэн болон суралцаж буй мэргэжлийнх нь дагуу илгээж, ажиллуулсан юм. Ингэхдээ оюутан залуус тухайн орон нутагт очоод жишиг өвөлжөө барих зэрэг ажил хийжээ. Хөдөө орон нутагт ажиллахад хүндрэлтэй асуудал их гардаг. Өнгөрсөн жилийн тухайд зарим аймгуудад малын халдварт өвчин гарсан, тэмдэглэлт ой тохиосны улмаас төслөөр ирсэн залуус ажлаа хийхэд бэрхшээл гарч байжээ.
“Ажлын гараа” төслөөр 15 хүний бүрэлдэхүүнтэй багууд улсын том бүтээн байгуулалтад туслах ажилтан, мэргэжилтнээр ажиллажээ. Тухайлбал, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Эрдэнэт, Багануур компани, Монголын төмөр зам болон зам барилга, засварын ажилд гар бие оролцсон байна. Ийнхүү суралцаж буй мэргэжлээрээ болон хөтөлбөрт хамрагдан зохих сургалтад сууснаар ирээдүйдээ хөрөнгө оруулсан ажил, амьдралын гараа болж буй. “Цагийн ажил” төслөөр бол Монголын залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн биржтэй гэрээ байгуулж, хамтран ажиллахаар болсон компани, аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэрлэлийн дадлага, цагийн ажил хийх юм. Цалингийн тухайд, харилцан адилгүй, сар бүр 200-500 мянган төгрөгийг авах ажээ. Өнгөрсөн жил төсөлд хамрагдсан оюутнууд бүгд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ажлаа дуусган ирцгээсэн юм.
Арван мянган залуусыг ажилтай болгохын тулд нэгдсэн байдлаар бүртгэлжүүлж, зуучлах шаардлагатай болно. Тиймээс Монголын залуучуудын холбоо салбар яам, агентлагийн дэмжлэгээр залуусын хөдөлмөр зуучын нэгдсэн www.myjob.mn сайтыг ажилуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр албан ёсоор танилцууллаа. Тус сайтад ажлын байр хайсан оюутан залуус, боловсон хүчнээ хайж буй ажил олгогчид хандах бөгөөд яг одоо ямар ажлын байр бэлэн байгааг харах боломжтой юм. Түүнчлэн ажил олгогч, хайгчдыг бүртгэдэг энгийн нэгэн сайтаас ялгаатай нь оюутан ажлаа олсон бол түүнийхээ дараа тухайн байгууллагыг сайт дээр байршуулсан хэсэгт үнэлж, дүгнэж болохоороо онцлог. Өөрөөр хэлбэл, зуучлуулаад ажилд ороод, эрх нь зөрчигдөж байгаа үгүй нь далд үлддэг бол энэ сайтад байгууллага оюутнуудыг ямар нөхцөлд, хэрхэн ажиллуулж байгааг шууд үнэлэх юм байна. Ажил олгогч ч гэсэн тухайн оюутныг хэрхэн ажилласныг үнэлж, ингэснээр боловсон хүчний ажлын намтар үүсэх ажээ. Энэ бүх мэдээллийг харах, өөрөө оруулахын тулд эхлээд бүртгүүлэх хэрэгтэй юм байна.
“Ажилтай орлоготой залуу” хөтөлбөрийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж, Залуучуудын хөдөлмөрийн биржийг байгуулснаас хойш 5732 ажил хайгч бүртгүүлсэн бөгөөд энэ бүх хүний мэдээлэл www.myjob.mn сайтад орсон ажээ. Түүнчлэн өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байгаа уг сайтад 326 ажил олгогч байгууллага, 350 нээлттэй ажлын байр бүртгүүлээд байна. Ажил олгогч, ажил хайгчийн тоо хэт зөрүүтэй байгаа тул цаашид ажил олгогчдыг нэмэгдүүлэх тал дээр төр засаг, яамд, агентлагийн дэмжлэгийг авч, хамтран ажиллах ажээ. Тиймээс ажил хайж байгаа оюутан залуус, боловсон хүчин шаардлагатай байгаа аж ахуйн нэгж, компаниуд Монголын залуучуудын холбоонд хандах болон www.myjob.mn сайтад бүртгүүлэх хэрэгтэй юм байна.
Өнгөрсөн жил төсөл хэрэгжүүлэхэд зарим ажил олгогчдын зүгээс төслийн хүрээнд ажиллахаар ирсэн залуусын нөлөөгөөр ажил нь 50 хувиар хөнгөрсөн гэсэн эерэг үр дүнг албаныханд дуулгасан байна. Гэсэн хэдий боловч өнгөрсөн жилийн хувьд залуустай холбогдох асуудал мэр сэр гарч байсан тухай хэвлэлээр цацагдсан. Залуустай газар сонин содон зүйлээр дүүрэн, заримдаа болохгүй, бүтэлгүй хэрэгт ч өртчих гээд байдаг гэмтэй. Өнгөрсөн жил Сумын залуус төслийн дагуу ажиллаж байсан хэсэг залуус бөөнөөрөө нийлэн архидан согтуурч, асуудал гаргасан талаарх мэдээлэл гарч байсан бөгөөд хариуцлага, хяналтыг улам чангатгасан байна. Энэ жилээс бондын хөрөнгийн болон бусад том бүтээн байгуулалт өрнөхөд боловсон хүчний шаардлага асар их гарна. Энэ орон зайг монгол залуусаасаа нөхөх боломж гарч ирж байгаа тул өнгөрсөн жил хийсэн ажлаасаа санаа авч, алдаагаа засч энэ жил улам их залуусыг ажилд зуучлах юм гэсэн. Ийнхүү ямартай ч тодорхой эрхэлсэн ажилгүй оюутан залуусыг зуны хугацаанд хийх ажлаар хангахад уян хатан хандаж, сонирхсон чиглэлээр нь сургалтад хамруулж, ажлын байранд зуучилна гэдгийг албаныхан хэлж байсан юм.
Бүтээн байгуулалт гуравдугаар сараас эхлэхэд залуус ийнхүү ажилдаа гарах нь ээ.