Хуулийн төслийг ажлын хэсгээр хэлэлцэх шатанд зарчмын зөрүүтэй нэг санал нэмсэн нь алтаа Монголбанкинд тушаахгүй бол татварыг 10 хувиар тооцож авахаар заажээ. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн төслийг батлагдсан өдрөөс нь эхлэн мөрдөнө хэмээн зарчмын зөрүүтэй санал гаргасан байв.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Хуулийг олон нийтэд сурталчлах, ойлгон таниулах гэж том ажил байдгийг ажлын хэсгийнхэн ердөө мэдэхээ болилоо. Болж өгвөл УИХ-аас баталж байгаа хууль бүрийг батлагдсан өдрөөс нь эхлүүлэн хэрэгжүүлнэ гэх горимын санал гаргаж, түүнийгээ дэмждэг болж. Эцсийн дүндээ хуулийг үр дүнтэй хэрэгжүүлье гэж байгаа бол бусдад ойлгож таниулахад хугацаа хэрэгтэй. Юм болгоныг цаг хугацаагаар хавчдагаа болих хэрэгтэй байна" гэсэн юм.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг "Хуулийг сурталчлан таниулах тухай асуудал хөндөж байгааг ойлгож байна. Гол нь цаг алдалгүй валютын нөөц бүрдүүлэх шаардлагатай тул, ажлын хэсэг энэ өнцгөөс харсан" гэлээ.
Мөн хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Алтны далд худалдааг багасгаснаар жилийн дотор валютын нөөц 1.7-2 тэрбум ам.доллараар нэмэгдэх, таван жилийн дотор 8.5 тэрбум ам.доллараас 10 тэрбум ам.долларт хүрнэ гэжээ. Энэ тооцоо судалгааг хаанаас гаргасан бэ. Хоёрдугаарт, Уул уурхайн сайд та алт олборлолтыг тоймтой ордод түшиглэж нэмэгдүүлнэ гэлээ. Үүнд Тусгай хамгаалалттай газар нутаг, Урт нэртэй хуулийн хүрээнд хамрагддаг ойн сан, усан сан бүхий хамгаалалтын газрууд хамрагдахгүй гэх баталгааг өгч чадах уу. УИХ-аас өнгөрсөн долоо хоногт Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлахад түүн дотор заасан байсан "Ирээдүй хойч үедээ ордыг нөөцлөн хадгалах" гэх заалтыг хасахдаа "Тусгай хамгаалалттай газар, урт нэртэй хуулийн хүрээнд хамаарагдах ордуудыг ашиглахгүй байна" гэж бүлгүүдийн төвшинд ойлголцоод хуулиудыг баталсан. Баталгааг нь өгнө үү" гэв.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг:-Жилдээ 40 тонн алт олборлоход валютын нөөц 1.7-2 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж бид тооцсон, энэ бол төсөөлөл юм. Нөөцлөлтийн асуудал Ашигт малтмалын тухай хуульд бий. Ер нь бол Монгол Улсын нутаг дэвсгэрийн 70 хувьд ашигт малтмал, газрын тос эрэн хайх, олборлох боломжгүй, нөөцөд байна гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй, ашигт малтмалыг байгаль дээр нь дарж байхаас илүүтэй ашиглаж эрүүл мэнд, боловсролын салбартаа зарцуулбал өгөөж нь өндөр тусдагийг бусад орны туршлага харуулдаг.
Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх С.Болд:-Монголбанкны зарчим бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олборлож байгаа алт төв банкинд тушаагдаж байхын тулд татварын механизмыг ашиглах нь зөв юмаа гэсэн байр суурь баримталдаг. Алт төв банкинд тушаагдсан нөхцөлд эцсийн дүндээ урт хугацаанд төгрөгийн нийлүүлэлтийг бодит сектороо дэмжихэд зориулж, нөгөө талдаа валютын ханшийг тогтворжуулах бодитой боломж бий болно.
Мөн хэлэлцэж байгаа төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Ард иргэд алтны татварыг бууруулахыг эсэргүүцэж байгаа. Нэртэйгээр нь алтны татвараа 0 болгооч гэж байна. Сайд Н.Батаяр, Д.Ганхуяг нарын тухайд өмнөх парламентын үед байгалийн баялгийг зүй зохистой ашиглах ёстой гэж ярьдаг байсан. Сайд болонгуутаа байр сууринаасаа ухарч, 180 градус эргэсэн. Ингэж байхаар валютын ханшийг бүрдүүлэхэд алтнаас өөр сарвайх юмгүй боллоо гэдгээ хүлээн зөвшөөрөөч. Дээр нь бие даагч гишүүд, УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг дэх Амлалт нэхэх ард түмний холбооныхон ч УИХ-д сонгогдохдоо юу ярьж, амласнаа санах цаг болж… Байр суурин дээрээ хатуу зогсооч ээ гэж хэлэх байна". Алт олборлолт нэмэгдсэн 20 гаруй жилийн хугацаанд байгаль орчин яаж сүйрсэн билээ. Валютын ханшийг савлуулахгүй байх өөр боломжийг эрэлхийлэх ёстой байтал хамгийн гарын дор арга хэрэглэхийг санаархаж байна" гэв.
Сайд Н.Батбаяр "Байгалийн баялгийг зүй зохистой ашиглахын төлөө би үхэн үхтлээ зүтгэнэ. Урваж шарваагүй, биенээ хардаж сэрддэгээ болих хэрэгтэй. Ер нь тэгээд аваргаа юм бүрийг харлуулах гэдгээ болих хэрэгтэй. Амны билгээр ашдын билиг гэж… Монголын эдийн засаг тэгтлээ уначихаагүй байна, малын тоо толгой 45 саяд хүрлээ. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг өнгөрсөн онд 80 мянга гаруй шинэ иргэн мэндэллээ. Сайхан мэдээнүүд байна, саар юм ч бий. Гэхдээ айлаас ухахаар авдраа ух гэж үг бий. Валютын нөөцийг нэмэгдүүлэх хамгийн том гарц бол алт тушаалтаа нэмэгдүүлэх явдал. Хэдий болтол газар шороон дээрээ олборлуулсан алтаа гадагш нь татваргүйгээр алдаад дуусах юм бэ Алтан дээр сандайлчихаад алт ч үгүй, татвар ч үгүй хоцорч байна шүү дээ". гэх хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Засгийн газар валютын нөөцийг бүрдүүлье гэж байгаа юм бол Монголоос ачигдаж байгаа уул уурхайн баялгийн орлогыг буцааж оруулж ирэх явдал. Дээр нь Оюутолгойн орлогыг оруулж ирдэг болго, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд заасан 9.13-ын заалтыг өөрчил. 40 кг алт олборлох компанийн төлөө ингэж хуулиа өөрчлөөд байдаг байж болохгүй. Хэний захиалгаар, ямар компанийн явуулгаар ийм хууль санаачлан ахин, дахин УИХ-д оруулж ирээд байгааг мэдэхийн дээдээр мэдэж байна" гэсэн юм.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.