Улстөрчид урлагийнхнаас илүү

Хуучирсан мэдээ: 2014.01.21-нд нийтлэгдсэн

Улстөрчид урлагийнхнаас илүү

Улс төр, урлаг соёл, бизнесийн салбарынхан анх удаа хүчний гурван төрөлт буюу пауэрлифтингийн спортоор өрсөлдлөө. Өмнө нь манай улсад мэргэжлийн тамирчдаас бусад салбарт ажиллаж буй олны танил хүмүүсийн дунд пауэрлифтингийн тэмцээн зохион байгуулж байсан. Гэвч багийн төрөлд бол анх удаа юм. Улстөрчдийн багийг Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг, ҮХАА-н сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Б.Чойжилсүрэн нар бүрдүүлжээ. Харин урлагийн багт жүжигчин Б.Эрдэнэбилэг, “Шар айраг”-ийн Г.Ганхүү, төрийн соёрхолт Д.Болд, “SPS” телевизийн сэтгүүлч Э.Амарсайхан нар багтав. Тэгвэл бизнесийнхэн “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, эдийн засагч Д.Жаргалсайхан, “Тужийн төгөл” компанийн Б.Батдорж, залуу бизнесмэн Б.Бямбасайхан нараар хүчээ зузаатгасан байлаа. Тэмцээн хэвтээ шахалт, штангтай суулт гэсэн төрөлд болсон. Дээр дурдсан хүмүүс бүгд л хүчний спортоор доод тал нь таван жил хичээллэсэн аж. Хэвтээ шахалтын тэмцээнд УДЭТ-ын Б.Эрдэнэбилэг 200 кг-ыг шахаж тэргүүлсэн бол Ч.Сайханбилэг, Х.Баттулга нар мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаав. Харин штангтай суултад Ч.Сайханбилэг бусдаасаа илүү байсан бол Б.Батдорж, төрийн соёрхолт Д.Болд нар удаалсан. Хоёр төрлийн нийлбэрээр Ч.Сайханбилэг тэргүүлж, Б.Батдорж, Б.Эрдэнэбилэг нар мөнгө, хүрэл дээр буужээ. Багийн дүнгээр улстөрчид алт, мөнгө, хүрэл медальтайгаар түрүүлсэн. Харин урлагийнхан мөнгө, бизнесмэнүүд хүрэл медалийн эзэн болсон юм. Тус холбооны ерөнхийлөгч Ч.Сайханбилэг тэмцээний нээлтийн үеэр “Энэ тэмцээнд хэн түрүүлэх нь чухал биш. Мэдээж тэмцээн гэсэн статустай учраас өрсөлдөөн гарч хэн нэг нь түрүүлэх байх. Гэхдээ үүнийг аль болох шоу маягаар пауэрлифтингийн спортыг олон нийтэд сурталчлахыг хүссэн юм. Анх удаа болж байгаа тэмцээнийг ирэх жил илүү өндөр төвшинд зохион байгуулна” гэдгээ хэлсэн. Хүчний спорт холбоог толгойлж яваагийнхаа хувьд тэрээр буурь зааж хоёр дүнгийн нийлбэрээр 400 кг-ыг өргөсөн нь олон хүнийг гайхшруулсан. Бас өөрийгөө хэн бэ гэдгээ харуулж чадсан юм. Тэрээр ямар ч байсан хоосонгүй аж. Тэгвэл “Женко”-гоор овоглосон Х.Баттулгыг спорт сонирхогчид сайн мэднэ. Өөрөө спортын хүн болоод ч тэр үү долоо хоногийн 2-3 удаа хүчний бэлтгэл хийдэг гэсэн. Зав л гарвал жүдогийн зааланд хөлсөө гаргадаг түүнийг боломжийн амжилт гаргах болов уу гэж олон хүн дүгнэж байлаа. Х.Баттулга “Миний нас, бие хоёр дийлэхээ больжээ” хэмээн хошигносон. Гэхдээ түүний хувьд хоосонгүй. Амралтын өдөр энэ тэмцээнд зав гаргасных хүрэл медальтай буцав. Харин гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Гарамгайбаатар нарын хувьд сонирхогч төдий л аж.

Урлагийнхны багт багтсан Г.Ганхүү, Э.Амарсайхан нарын хувьд мөн л сонирхогч. Ямарсайндаа л Г.Ганхүү “Дуртайдаа л ирлээ. Түүнээс биш миний штанг өргөх гэж юу байх вэ. Нөхөрсөг тэмцээн болохоор энэ спортод дуртай хүний хувиар урилгыг хүлээж авсан” гэв. Драмын театрын Б.Эрдэнэбилэг, дуучин Д.Болд нарын биеийн хэлбэр, галбирыг л харахад чөлөөт цагаа хүчний спортод зарцуулдаг харагдана. Булчинлаг биеэрээ гайхуулдаг тэд шаггүй сайн тамирчин гэдгээ харуулсан. Есөн жилийн өмнө пауэрлифтингийн анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээн болоход 167 кг-ыг л шахахад алтан медаль хүртдэг байлаа. Гэтэл Б.Эрдэнэбилэг 200 кг-ыг шахаж байна. Есөн жилийн өмнөх шигэ байсан бол тэрээр улсын дээд амжилтыг бараг шинэчлэх нь. Түүний хувьд штангтай суултад ч түрүүлэх боломж байсан. Гэвч драмын театрын ээлжит тоглолт давхцсан тул тэмцээнийг дундаас нь орхисон юм. Хэрвээ Б.Эрдэнэбилэг тэмцээнийг дуусгасан бол улстөрчид бус урлагийнхан багаараа түрүүлэх байсан нь эргэлзээгүй.

Монголын бараг анхны бодибилдинг, фитнесс клуб гэх тодотголтой “Хар ирвэс”-ийн анхдагчуудын нэг бол эдийн засагч Д.Жаргалсайхан. Түүний хувьд 22 жил энэ спортоор хичээллэж яваа аж. Хэдийгээр 60 нас дөхөж яваа ч залуу чийрэг харагдаж байгаа нь энэ хүчний спортод уйгагүй зүтгэснийх гэж тэрээр тайлбарласан. “Би мэргэжлийн тамирчин л биш болохоос бэлтгэлээ хэзээ ч тасалдуулж байгаагүй. Түүний хүчинд өнөөдөр эрүүл саруул явна” гэж бидэнд хуучиллаа. Тэгвэл “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр тогтмол хичээллэдэггүй ч пауэрлифтингийн спортод цаг гаргах дуртай гэнэ. Мөн Б.Бямбасайхан, Б.Батдорж нарын хувьд ч ялгаагүй.

Б.ЗУЛ

Эх сурвалж: “СПОРТЫН ШУУДАН” сонин




















NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж