Экспортод гаргаж буй нийт бүтээгдэхүүний 90-ээс илүү хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, хамгийн багаар бодоход үүний 40 орчим хувийг зөвхөн нүүрсний худалдаа эзэлж байна. Төсвийн орлогын бүрдэлт, төгрөгийн ханшийн савлагаа зэрэг эдийн засгийн бүх л үзүүлэлтүүд эцсийн дүндээ нүүрснээс хамаарах болсон хэрэг. Эх орны эдийн засаг нүүрсний экспортоос ийн хамаарч байгаа нь нэг хэрэг бодоход тэрхүү нүүрсний борлуулалт нь нэг л зах зээлээс хамааралтай болчихсон нь хамгийн гол асуудал юм. Бид нийт экспортынхоо 85 хувийг, зөвхөн нүүрсний тухайд ярихад 100 хувь БНХАУ-ын зах зээл дээр борлуулж байгаа.
Стратегийн нөлөө үзүүлэх хэмжээнд “үнэ цэнэ” нь өссөн нүүрсээ зөвхөн өмнөд хөршдөө нийлүүлж, ганц худалдан авагчийн гар харж суудгаа больё гэж хүсч, ярьж байгаа ч өнөөдрийг хүртэл өөр зах зээлд хүргэх дэд бүтэц нь алга. Өргөн, нарийн царигийн талаарх төмөр зам тойрсон маргаан эцсийн дүндээ эрсдэс баялгаа хаана хүртэл зөөж, хэнд худалдах вэ гэсэн асуултын гол зангилаа нь. Гол асуудлаа шийдээгүй цагт бид нүүрснээс хараат эдийн засагтай, нүүрс нь нэг зах зээлээс хамааралтай хэвээрээ байх болно.
Ам.доллараар ашиг, орлого авчирч байгаа ганцхан цорготой, харин цоргыг нээх хаах удирдлага нь хүний гарт байна гэсэн үг. Энэ нь Монгол Улсын хувьд улс төр, эдийн засгийн эмзэг байдлыг бий болгож байгаа геополитикийн асуудал болон хувирч байна.
Далайн боомттой биднийг холбох дэд бүтэц, төмөр замын асуудлаа шийдвэрлэх гэж хэрэлдэж, хэлэлцэж суусаар хэтэрхий удлаа. Шийдлийг нь олж чадахгүй байгаа юм бол шийдэх гэж оролдохоо больё. Үүний оронд алтны талаарх бодлогоо эрс өөрчилж, стратегийн чухал бүтээгдэхүүн болгох боломж, бололцоо илүү ойрхон харагдаж байгааг анзаарч үзье.
Монгол Улс нийтдээ 3000 тонн алтны нөөцтэй гэх тооцоо бий. Энэ нь дэлхийд эхний арав дотор бичигдэх нөөц. Үүнээс сүүлийн хориод жилд 150 тонныг нь олборлосон гэж үздэг.Дахиад олборлолтыг нэмэгдүүлэх, шинэ орд газрыг ашиглалтад оруулах хангалтай судалгаа, хөрөнгө оруулалт, хүний нөөцийг хувийн хэвшлийнхэн өнгөрсөн хугацаанд бий болгож амжсан.
Харин тэдний хөрөнгө оруулалтыг хамгаалах, худалдааг ил тод болгох, цаашлаад Монголбанкны эрдэнэсийн санд худалдан авдаг байх зэрэг хэд хэдэн асуудлыг хууль эрх зүйн орчинд ухаалгаар шийдэж чадах юм бол алтны салбар эдийн засгийн төдийгүй геополитикийн чухал нөлөөтэй үйлдвэрлэл болж чадах юм.
Анхны боловсруулалтын талаар “А” ч хийгдээгүй түүхий нүүрсээ вагон, вагоноор нь зөөхийн тулд төмөр зам барихаас өөр аргагүй бол алтыг бид 99 хувийн тунгаамал хэлбэрээр хэдхэн гар цүнхээр дамжуулаад онгоцоор зөөвөрлөхөд хаана ч хүргэх боломжтой. Дэлхийн зах зээлд хүргэхийн тулд дэд бүтэц шаардагдахгүй гэсэн үг. Түүнчлэн “Эрдэнэт”-ийн зэсийг баяжмал хэлбэрээр экспортлох биш боловсруулалт хийгээд цувимал зэс утас болгочихвол мөн л онгоцоор зөөвөрлөх боломжтой.
Энэ тохиолдолд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болж хувирах төдийгүй газар зүйн хувьд хоёрхон зах зээлд хавчигдсан эмзэг байдлын үнэлгээг эрс бууруулах бололцоотой. Чухам ийм учраас “Эрдэнэт”-ийн зэсээр эндээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудлыг өнөөдрийг хүртэл хөндлөнгөөс хааж, “хориотой сэдэв” болгож ирсэн талаар зарим эх сурвалж өгүүлдэг. Ард нь геополитикийн асуудал давхар явж буй хэрэг.
Харин алтны салбарын хувьд хөндлөнгийн нөлөөгүйгээр өөрсдөө бие даан шийдвэрлэх боломж монголчуудад бий гэж үздэг. Алтаа эдийн засгийн хувьд стратегийн бүтээгдэхүүн, валютын нөөцийн баталгаа болгох, цаашлаад геополитикийн чухал өрөг болгох боломжтой гэсэн үг.
Өнөөдөр дотоодын үйлдвэрлэл, тэр дундаа эцсийн бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, дэлхийн зах зээлд өрсөлдөх үйлдвэрлэл хараахан алга. Эсгий углааш, ноос, ноолууран хувцсыг эс тооцвол эрдсийн түүхий эдээс өөр экспортод үнэ хүрэх бүтээгдэхүүн ойрын ирээдүйд бий болохгүй нь ч тодорхой.
Ийм үед бидэнд 99 сорьцтой алтнаас илүү үнэ хүрэх эрдэс, геополитикийн хожил харагдахгүй байна шүү дээ.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"