Боинг 184 удаагийн аялалд гарчээ

Хуучирсан мэдээ: 2014.01.20-нд нийтлэгдсэн

Боинг 184 удаагийн аялалд гарчээ

Засгийн газраас долоо хоног бүрийн даваа гаригт “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтыг зохион байгуулж, өнөөдөр Зам тээврийн яам 2013 оны бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж, энэ онд хийх ажлаа танилцууллаа.  Өнгөрсөн онд Зам тээврийн яам болон түүний харьяа байгууллагуудын хийсэн ажлыг танилцуулсан юм.

Далайн тээврийг эхлүүлнэ

Өнгөрсөн онд төмөр замын салбарт гарсан томоохон өөрчлөлт бол “Шинэ төмөр зам” төсөл. Төслийн хүрээнд Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлжээ. 2013 оны тавдугаар сард эхэлсэн төмөр замын газар шорооны ажил 70 хувьтай байгаа аж. Үүнээс гадна энэ онд “Шинэ төмөр зам” төслийн зүүн чиглэлийн буюу Ухаа худаг-Таван толгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын ажлуудын зураг төслийн ажлыг дуусгахаар ажиллаж байгаа юм байна. Төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2013 онд хэрэгжүүлсэн Замын-Үүд –Улаанбаатарын хооронд зуурмагийн галт тэрэг аялуулж, Улаанбаатарт ачааг 16-20 цагийн дотор тээвэрлэн авчирдаг болсон бөгөөд 2014 онд ч үүнийг хэрэгжүүлэх юм байна. Үүнээс гадна 2014 онд Улаанбаатар төмөр зам”-ын техникийн шинэчлэл, Далайн тээврийг эхлүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

1560 км авто зам тавьжээ

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ жил дөрвөн аймгийн зам ашиглалтад орсон билээ. 2013 онд улсын төсөв, Хөгжлийн банк, Гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар нийт 947,1 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бөгөөд 3321,4 км зам, 2984,2 урт метр төмөр бетон гүүрийн барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ.  Өнгөрсөн 2012 онд улсын хэмжээнд 264 км авто зам ашиглалтад оруулж байсан бол 2013 онд 1560  км авто замыг ашиглалтад оруулсан  байна.

Боинг-767 онгоц 35 саяын ашиг олжээ

Иргэний нисэхийн салбарт мөн томоохон өөрчлөлтүүд гарсан байна. Тодруулбал, УИХ-ын 2013 оны 18 дугаар тогтоолоор “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг батлуулсан явдал гэдгийг Зам тээврийн сайд А.Гансүх онцолсон. Энэ хөтөлбөрийн хүрээнд МИАТ компанийг төрийн өмчит компани болгон зарлаж, Боинг-767 агаарын хөлөгтэй болсон. Өөрийн гэсэн онгоцтой болсноор 2013 онд Сөүл, Токио, Бээжин,  Хонг Конг,  Москва-Берлин чиглэлд нийт 184 аялал үйлдсэн бөгөөд нислэгээс 35 сая төгрөгийн орлого олсон байна.  Мөн Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны буудлыг барих ажлыг албан ёсоор эхлүүлсэн бөгөөд 2017 оны нэгдүгээр сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа гэдгийг салбарынхан онцолсон. 


Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж