Орон сууцны жишиг гэрээ боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.20-нд нийтлэгдсэн

Орон сууцны жишиг гэрээ боловсруулжээ

Шинээр ашиглалтанд орсон орон сууцны барилгын талбай өмчлөх эрхийн гэрчилгээ, гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байгаа талаарх хяналт шалгалтыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хийж, иргэдийн гомдлыг барагдуулж байгаа. Өнгөрсөн долоо хоногт тус газрын дарга О.Магнай зөрчил гаргасан компанийн захирлууд болон хохирсон иргэдтэй уулзан санал бодлыг нь сонссон байна. Орон сууцны барилгын талбайн хэмжээг илүү тооцон иргэдийг хохироосон зарим нэг компанихууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа ажээ. Тэдгээр компаниудад хугацаатай үүрэг өгч хохирлыг барагдуулахыг дахин сануулж, орон сууцны талбайн хэмжээг тооцох “MNS 6058:2009” Монгол Улсын стандартыг баримтлахыг О.Магнай уриалсан байна.

Хууль чангарахаар хулгайчийн арга нарийсдаг гэдэгчлэн зарим барилгын компани орон сууц худалдах гэрээндээ орон сууцны талбайн хэмжээг огт дурдахгүй зөвхөн 1-3 өрөө байрны үнийн дүнг бичих болжээ. Ийм гэрээ хийсэн тохиолдолд иргэд шүүхэд хандаад ч барилгын компанийг буруутгах үндэслэл болохгүй аж. Үүнээс болж иргэд хохироод үлддэг. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас  хэрэглэгчдэд зориулан жишиг гэрээний төслийг боловсруулжээ. Хойшид байр орон сууц худалдан авахдаа жишиг гэрээг ашиглах юм бол иргэд хохирохгүй байх боломжтойг тус газрынхан хэлж байна.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж