6141 хүнийг хорих ялаар шийтгэжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.20-нд нийтлэгдсэн

6141 хүнийг хорих ялаар шийтгэжээ

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээллийн төвөөс Монгол улсын шүүхийн 2013 шүүн таслах ажиллагааны нэгдсэн тайлан гаргаснаа танилцууллаа.

Эрүүгийн хэргийн хувьд хүнийг санаатай алах, дээрэмдэх гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарсан бол хууль бусаар эд зүйл хилээр нэвтрүүлэх хэрэг өссөн байна. Захиргааны хэргийн хувьд газрын болон төрийн албатай холбоотой маргааны тоо өссөн бол ашигт малтмалын лицензтэй холбоотой хэргүүд буурч. 

Анхан шатны шүүх нийт 10901 хүнд холбогдох 7285 эрүүгийн хэргийг 2013 онд хүлээн авч, 8042 хүнд холбогдох 6169 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Нийт хэргийн 6.7 хувь буюу 494 эрүүгийн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж, 0,1 хувь буюу 12 хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн. Түүнчлэн нийт хэргийн 4,8 хувь буюу 351 хэргийг хэрэгсэхгүй болгосноос шүүгдэгч, хохирогч эвлэрснээр 26 хэргийг хэрэгсэхгүй болгосон нь нийт хэргийн 0,3 хувийг эзэлж байна. Анхан шатны шүүхийн 2013 оны эрүүгийн хэргийн үлдэгдэл 562 буюу нийт хэргийн 7,7 хувийг эзэлж байна. Өнгөрсөн оноос шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 0.1 хувиар өссөн бол нийт ял шийтгүүлэгчдийн тоо 3,3 хувиар буурчээ. Мөн анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан хэргийн тоо 6,7 хувиар өссөн нь шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн чанар буурч байгааг харуулжээ.

Хянан шийдвэрлэгдсэн хэргийн өсөлт бууралтыг мөн гаргасан бөгөөд ял шийтгүүлэгчдийн тоо Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймгуудад өссөн бол Увс, Хэнтий, Говь-Алтай аймагт буурсан байна.

Түүнчлэн нийт ял шийтгүүлэгчдээс 295 хүнийг торгох ялаар, 466 хүнийг албадан ажил хийлгэх ялаар, 1034 хүнийг баривчлах ялаар, 6141 хүнийг хорих ялаар тус тус шийтгэсэн байна. Хорих ялын хугацаа Нийт 6141 хүнийг хорих ял шийтгэснээс 575 хүнд нь нэг жил, 2730 хүнд 1-3 жил хүртэл, 1747 хүнд 3-5 жил хүртэл, 664 хүнд 5-8 жил хүртэл, бусад хүн 8-аас 25 жил хүртэл хорих ялаар тус тус шийтгүүлжээ.
Шүүхээр ял шийтгүүлэгчдийг бүлгээр нь авч үзвэл гэмт хэрэг давтан үйлдсэн 6.4 хувиар, бүлэглэж үйлдсэн 5.6 хувиар, согтуугаар үйлдсэн 0.4 хувиар, эмэгтэйчүүдийн үйлдсэн гэмт хэрэг 4.1 хувиар, насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн хэрэг 11.5 хувиар тус тус буурсан бол урьд ял шийтгүүлсэн хүмүүс гэмт хэрэг дахин үйлдэх явдал өмнөх оноос 154 хэргээр буюу 9.9 хувиар өссөн байна. Энэ нь урьд ял шийтгэгдсэн хүмүүсийг нийгэмшүүлж, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг харуулжээ.

Давж заалдах шатны шүүх Улсын хэмжээнд давж зааалдах шатны шүүх 1961 хэргийг хянан шийдвэрлэж, оны эцсийн байдлаар 96 хэргийн үлдэгдэлтэй байна. Давж заалдах шатны шүүхэд хүлээн авсан хэргийн тоо өмнөх онтой харьцуулахад өндөр өсөлтгүй боловч үлдэгдэл хэргийн тоо өмнөх онтой харьцуулахад 70.9 хувиар буюу огцом өссөн нь түүний шалтгаан, үндэслэлийг нарийвчлан тодорхойлох, шаардлагатай арга хэмжээ авах бодит нөхцөл бий болсныг харуулж байна. Давж заалдах шатны шүүхэд хүлээн авсан нийт хэргийн 2,7 хувь буюу 59 хэрэгт эрх бүхий этгээд гаргасан гомдол, эсэргүүцлээсээ татгалзсан байна. Түүнчлэн өмнөх онтой харьцуулбал нийт шийдвэрлэсэн хэргийн тоо 9,5 хувиар буурчээ.

Анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсэн магадлалын тоо өмнөх оноос 10.4 хувиар, тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тоо өмнөх оноос 23,8 хувиар буурсан бол анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн магадлал 6.5 хувиар нэмэгджээ. Хяналтын шатны журмаар эрүүгийн 691 хэрэг хүлээн авснаас 74 хэргийг хянаад буцааж, 535 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, оны эцэст 6 хэргийн үлдэгдэлтэй байна. Нийт шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 535 хэргийн 392 нь гомдлоор, 44 нь эсэргүүцлээр, 99 нь прокурорын дүгнэлтээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн хэрэг байна. Давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн магадлалын тогтвортой байдал буюу тогтоол, магадлалыг хэвээр үлдээсэн шийдвэр өмнөх онтой харьцуулбал 16.7 хувиар буурсан байна.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж