&#34Парламентад суудалгүй намыг татан буулгах нь Үндсэн хууль зөрчинө&#34

Хуучирсан мэдээ: 2014.01.20-нд нийтлэгдсэн

&#34Парламентад суудалгүй намыг татан буулгах нь Үндсэн хууль зөрчинө&#34

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцсэн байна. Тэр дундаа Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого дээр ашигт малтмалын ордууд, байгалийн баялгаа ирээдүй хойч үедээ нөөцлөх шаардлагатай гэдэг дээр МАН-ын бүлэг төдийгүй бусад улстөрийн намууд нэгдээд буй. Тиймээс Урт нэртэй хууль болон бусад тусгай хамгаалалттай газар нутгийг ирээдүй хойч үедээ үлдээхийг МАН-ын бүлэг мөн дэмжиж байгаа. Мөн Алтны ил тод байдлын тухай хуулийн зүсийг хувиргаж, Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газраас оруулж ирсэн.  Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Алтны хуулийн өнгийг хувиргаж оруулж ирснийг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Энэ хуулийн цаана "Оюутолгой" компанийг татвараас чөлөөлөх бодлого явж байна. Өнгөрсөн хугацаанд "Оюутолгой" ХХК-ийг гурван тэрбум төгрөгийн татвараас чөлөөлж бай байсан. Олон удаа татвараас чөлөөлж байсан. Тиймээс МАн-ын бүлэг энэ хуулин дээр эсрэг байр суурьтай байгаа" гэлээ.

Мөн МАН-ын бүлгийн дараагийн хэлэлцсэн асуудал нь Газрын тухай хууль.  Энэ хуулинд бэлчээрийг малчдад эзэмшүүлэх, өвөлжөө, хаваржааг өмчлүүлэх, газар тариалангийн талбайг өмчлүүлэх, хот суурингийн газрыг гадаадын иргэдэд өмчлүүлэх, сертифекат олгох асуудал яригдаж байна. Эдгээр асуудлуудыг шийдэх гарц, суурь дэвсгэр гаргахын тулд Газрын тухай хуулийг яаравчлах аргаар эрх баригчид хандаж байна. МАН-ын бүлэг  үүнийг судалж, иргэдийн саналыг сонсох нь зөв, бэлчээр эзэмших эрх зүйн орчин, цаг хугацаа болсон уу, өвөлжөө, хаваржаа, газар тариалангийн салбарыг өмчлүүлэх шаардлагатай юу, гадаадын иргэдэд сертифекатаар газрыг 60 жил, сунгаад 100 жилийн хугацаатай эзэмшүүлэх нь зөв үү гэдэг дээр иргэдийн санаа бодлыг хэлэлцэх нь зөв гэдэг байр суурьтай байгаа гэлээ.  НӨАТ-ын босгыг 50 сая болгоё гэсэн хуулийн төслийг эрх баригчид барьсан байгаа. Үүнтэй холбогдуулж МАН-ын бүлгийн гишүүд НӨАТ-ын босгыг 200 сая болгоё гэдэг хуулийн төсөл өнгөрсөн хавар өргөн барьсан. Мөн цалин, тэтгэвэр нэмэх талаар таван хуулийн төсөл, Малчдын тэтгэврийн насыг наашлуулах хуулийн төслүүд өргөн барьсан боловч МАН-ын бүлгийн гишүүдийн өргөн барьсан хуулийг хэлэлцэхгүй, гацааж байна. Тиймээс УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг эрх тэгш хэлэлцэх байх тал дээр бүлэг анхаарч ажиллана гэлээ. Өөрөөр хэлбэл,  УИХ-д өргөн барьж байгаа хуулиудыг тодорхой дүрэмтэй болгоё, аль нэг эрх мэдэлтэн, дарга өөрийн үзэмжээр асуудалд хандахыг больё гэсэн байр сууринаас хуулийн төсөл боловсруулж байгаа гэв.

Дээрхи асуудлыг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Мөн тус бүлгийн дэд дарга Д.Оюунхорол энэ долоо хоногт хэлэлцэх Засгийн газрын тухай хуулийн талаар МАН-ын бүлгийн байр суурийг илэрхийлсэн.УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Энэ долоо хоногт Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнийг нийгэм хүлээлттэй харж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч "Том төрөөс ухаалаг төр рүү" явах бодлогыг санаачлан өргөн барьсаныг Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй гэсэн төслийг МАН-ын бүлэг дэмжиж байгаа. Төрийн тогтолцоо гажигтай, эрх мэдлийн хуваарилалт  алдагдсан.  Засгийн газар УИХ-ынхаа дээр гарсан байдалтай байна. Монгол Улсын боловсон хүчний бодлого алдагдсан, хэдхэн хүнээр тойруулаад төр, засгийн ажил хийгээд яваад байгааг МАН-ын бүлэг дэмжихгүй байгаа.  УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй байх төслийг 2016 оноос хэрэгжүүлэхээр өргөн барьсан ч МАН-ын бүлгийн зүгээс 2014 оны долдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Зөвхөн Ерөнхий сайд УИХ-аас сонгогдож болно, бусад нь парламентаас гадна сонгогдоно гэсэн Ерөнхийлөгчийн хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байгаа" гэв. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Говь-Алтайн сонгуулийн дүнгийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Бид албан бус мэдээлэлтэй байна. Тийм болохоор мэдээлэл хийх боломжгүй байна.

-Улс төрийн намуудын тухай хуульд  өөрчлөлт оруулах төслийг дэмжиж байна уу?

-Улс төрийн намуудыг парламентад суудалгүй бол хасах,  мөн  өмчлөлийг нь булааж авах гэдэг бол бурууа.  Энэ бол Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн бүрт олгогдсон эрх юм.  Энэ эрхийг парламентад суусан, суугаагүй гэдэг үүднээс нь татан буулгая гэдэг нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь зөрчиж байгаа юм.  Хувийн хэвшлийнхнээ айлгадаг, сүрдүүлдэг, татан буулгадаг байдал нь буруу.  Аливаа асуудлыг айлгах, сүрдүүлэх, хүч түрэх хэлбэр нь буруу. 

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж