
Шүүхийн ерөнхий зөвлөл нь сар бүрийн сүүлийн долоо хоногийн даваа гаригт тодорхой сэдвээр мэдээлэл өгөх уулзалтыг хэвлэлийнхэнд зориулж хийж байхаар болсон бөгөөд шүүх үйл ажиллагаатай холбоотой сонин содон мэдээлэл хүргэх, жинхэнэ эх сурвалжаас мэдээлэл авах боломжоор хангахаар болсон байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Лүндэндорж 2013 онд Шүүхийн тухай хуульд заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаараа мэдээлэл хийсэн бөгөөд дагнасан шүүх байгуулагдаад үйл ажиллагаа жигдэрсэн, 21 аймгийн шүүх онлайн систем нэвтрүүлсэн, шүүх хурлын 90 танхимд дуу бичлэг хийх технологи нэвтрүүлсэн, шүүгчдийн цалин хангамжийг нэмэгдүүлсэн, хууль сурталчлах ажлыг өмнө байгаагүй хэмжээнд хүргэсэн гэдгээ онцолж байв.
Өмнөговь аймгийн удирдлагууд онлайнаар мэдээлэл өгсөн бөгөөд тус аймагт уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой хэргүүд нийт хэргийн дийлэнхийг эзэлж байна гэсэн бол, Увс аймгийн хувьд малын хулгайн хэрэг зонхилж байгаа, хилээр хууль бусаар бараа нэвтрүүлэх хэрэг буурч байгааг дуулгасан юм. Ийнхүү видео хурлын системийг нэвтүүлж байгаа нь орон нутгийн шүүгчдийг хотод сургалтанд хамруулахтай холбогдон гардаг зардал, цаг хугацааг хэмнэж буй аж.