Д.Эрдэнэбат: Намуудыг сэрээх гэсэн юм

Хуучирсан мэдээ: 2014.01.20-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат: Намуудыг сэрээх гэсэн юм

УИХ дахь АН-ын бүлэг хуралдсан талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдын ойрын хугацаанд хийх ажлын тайланг сонссон байна. Тодруулбал, цалин, тэтгэврийн нэмэгдлийн талаар авах арга хэмжээг нууцалж байгаа, дэд бүтэцтэй амины орон сууцтай айл өрхүүдийг найман хувийн орон сууцны зээлд хамруулах, дулааны станцгүй есөн аймагт төр, хувийн хэвшилтэй хамтран дэд станцууд барихаар болсон талаараа танилцуулсныг АН-ын бүлэг дэмжсэн байна. Ерөнхий сайдын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөтэй танилцсаны дараа гишүүд асуулт, тодруулга авсан байна.

Мөн бүлгийн хуралдаанаар Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудыг яаралтай хэлэлцэн батлах шаардлагатай гэж үзэж байгааг бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцолсон. Тухайлбал, Газрын тухай хуулийг олон жил ярьж байгаа ч улстөржсөн асуудлаас болоод гацааж байсан. Тиймээс бид энэ удаад хэлэлцэж, улстөржихгүйгээр батлах нь зүйтэй.  Эдгээр хууль нь иргэдийн болоод эдийн засагт хүлээлт үүсгэсэн хуулиуд байгаа юм гэв. Мөн ирэх сарын 10-ны дотор УИХ-ын чуулган завсарлахтай холбогдуулан 2014 оны Төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьж гуравдугаар сарын 1-ний дотор хэлэлцэн батлах нь зүйтэй гэдэг дээр АН-ын бүлгийн гишүүд санал нэгдэж байгаа юм байна. Үүний дараа бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Парламентад суудалгүй намуудыг татан буулгах талаар бусад улстөрийн намууд нэгдэж, эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ?

-Бусад намууд сэрсэн байна уу, тэр нь маш зөв. Сонгууль болохоор гэнэт сэрж ирдэгээ болих ёстой. Би зүгээр санамсаргүй хэлсэн биш.  Намуудыг татан буулгая гэж яриагүй.  Улстөрийн намуудын тухай, Сонгуулийн  хуулийн ажлын хэсэгт бүх намын төлөөлөл багтсан. Гэтэл цөөхөн хэдэн таван намаас бусад нам нь идэвхигүй байсан. Яг үнэнийг хэлэхэд энэ хэдэн намыг сэрээе гэдэг үүднээс би хэлсэн юм. Сэрсэн бол баяралллаа. Одоо ажлаа хийж, намуудын тухай хууль, сонгуулийн тухай хуулиудаа ярилцая, зөвшилцөе, бүгдээрээ ажлаа хийе. Том,  жижиг  нам гэлтгүй улс орны эрх  ашигтай холбоотой хуулийг хэлэлцэж байхад бүгдээрээ оролцох ёстой.

-Засгийн газрын тухай хуулийн хэрэгжилтийг баталсан өдрөөс нь хэрэгжүүлэх саналыг МАН-ын бүлэг төдийгүй  зарим гишүүд гаргаад байгаа. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн. Байнгын хорооны дэмжсэн саналаар давхар дээл тайлах хуулийг 2016 оны сонгуулийн дараагаас хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй гэсэн. Хууль хэрэгжих 2016 он хүртэл  цогц хууль болох намуудын болон сонгуулийн хуулиудаа шинэчилж, мөн оноос парламент, Засгийн газрын харьцаа тэнцвэртэй байх нөхцөлөөр явах нь зүйтэй  гэж байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн.

-Засгийн газраас амины орон сууцтай айлуудыг найман хувийн орон сууцны зээлд хамруулахаар болсон гэв үү?

-Засгийн газрын саналаар дэд бүтэцтэй амины орон сууцаа барьсан иргэдийг найман хувийн орон сууцны зээлд хамруулах боломжтой гэсэн төсөл байсан. Гэр хороолол, аймаг орон  нутагт дэд бүтцийг бий болгохоор дэмжлэг авах төсөл гэдэг үүднээс нь АН-ын бүлэг дэмжсэн.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж