“Sky Resort”-д Биатлоны цуврал тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2014.01.20-нд нийтлэгдсэн

“Sky Resort”-д Биатлоны цуврал тэмцээн болно

Монголын Биатлоны холбоо нэгдүгээр сарын 25-наас гуравдугаар сарын 2-ны хугацаанд  “Sky Resort” цанын баазтай хамтран цуврал тэмцээн зохион байгуулахаар болжээ.

Монголд анх удаа зохион байгуулж буй энэхүү тэмцээнд Монголын Биатлоны холбооны шилдэг 16 тамирчин дөрөв, дөрвөөрөө баг болон өрсөлдөх юм. Тэмцээн амралтын өдрүүдэд болох бөгөөд ирэх бямба гаригт /I.25/ нээлтээ хийнэ. Харин түүний дараа долоо хоногт Сар шинийн баяр тохиож буй учир түр завсарлах аж.

Монголчууд 1964 оны хоёрдугаар сард Австри улсад болсон өвлийн олимпд биатлоны төрлөөр анх удаа оролцож байсан түүхтэй. Харин 2014 онд энэхүү түүхэн үйл явдлын 50 жилийн ой тохиож буй учир биатлоны спортыг сурталчлах, олон нийтэд таниулах зорилгоор амралтын өдөр бүр ийн цуврал тэмцээн зохион байгуулахаар болсон байна. Тэмцээнийг Монголын үндэсний “Эх орон” телевиз үзэгчдийн хүртээл болгон, дамжуулах юм байна.

Монголын Биатлоны холбоо олимпод оролцсон 50 жилийн түүхэн өдрийг тохиолдуулан олон ажлыг амжуулаад байгаа өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулав. 2013 онд гэхэд Монголын биатлоны шигшээ багийн тамирчид аравдугаар сарын 1-нээс ОХУ-ын Улаан-Үд хотын “Снежинка” биатлоны цогцолборт хамтарсан бэлтгэл хийсэн бөгөөд Монголын баг тамирчдад 2006 оны Турины олимпийн гурван алтан медальт, дэлхийн гурван удаагийн аварга /2004, 2007, 2008/ Михайль Грайс бэлтгэлийн үеэр зөвлөж, хамтран ажиллажээ.  Михаель Грайс 2006 онд Италийн Турин хотноо болсон өвлийн олимпиос Биатлоны гурван төрлөөр алтан медаль хүртэж, тухайн жилээ Германы шилдэг тамирчнаар шалгарч байсан юм. Мөн биатлоны ДАШТ-ээс гурван алт, гурван хүрэл, зургаан хүрэл медаль хүртсэн тамирчин билээ.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж