Б.Эрдэнэсолонго: Би бага сага юм бичдэг л хүн

Хуучирсан мэдээ: 2014.01.19-нд нийтлэгдсэн

Б.Эрдэнэсолонго: Би бага сага юм бичдэг л хүн

Энэ удаагийн дугаарын зочноор МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Эрдэнэсолонгыг урилаа.     

-Саяхан “Ирээдүйн дурсамж” номоо гаргаж, зохиогчийн гарын үсэгтэй худалдаагаар нээлтээ хийсэн нь хүмүүсийн анхаарлыг татлаа. Ингэхэд номоо яагаад ингэж нэрлэв, ямар хугацаанд бичив?

-Сүүлийн 15 жилд бичсэн шүлэг, өгүүллэгүүдээ эмхэтгэж ном гаргалаа. Номд “Ирээдүйн дурсамж” гэсэн өгүүллэг бий. Тэр өгүүллэг энэ номын утга санааг бүрэн илэрхийлж чадна гэсэн утгаар нь ингэж нэрлэсэн юм. Товчхон хэлбэл өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт би байна. Би гэдэг бид юм. Бид гурван цаг дээр оршин байж амьдрал үргэлжилдэг. Бид өнгөрснийг өнгөрсөн гээд мартах гээд байдаг. Ирээдүйг ирээгүй цаг гэж ойлгодог. Гэтэл үгүй юм. Өнгөрснөөс бидний өнөөдрийн амьдрал шалтгаална. Өнөөдөр бид ямар байхаас ирээдүй маань хамаарна. Энэ гурван цаг зэрэгцэн байдаг, тэрхүү хамаарлын тухай “Ирээдүйн дурсамж”-д өгүүлсэн.

-Хүмүүс их төлөв номын нээлт хийдэг. Та болохоор гарын үсэгтэй худалдаагаар номоо хүмүүст хүргэх, сурталчлахыг гол болгосон байна?

-Юм бичдэг, ялангуяа ном гаргаж байгаа хүмүүсийн хувьд арай өөр жишиг, өөр хандлагыг болсон болоогүй тогтоох гээд зорьж зүтгээд байгаа юм. Өнөөдөр яруу найраг шиг үнэ цэнэгүй, яруу найрагч шиг хүндгүй хүн байхгүй болчихоод байна. Энэ бас үнэ цэнэтэй юм шүү, арай өөр орчинд, арай өөр байдлаар яруу найргийг ойлгож мэдрэх ёстой юм шүү гэсэн сэдлээс иймэрхүү зүйл хийгээд яваа юм. Түүнээс биш бусдаас онцгойрох гээд, эсвэл мундаг нэр хүнд олж сүрхий хүн болох гээгүй л дээ.

-Аливаа зүйлд боловсролын тухай их ярьдаг. Тухайлбал, сонгогчдын боловсрол  гээд цөөнгүй ярьдаг, түүн шиг утга зохиолд уншигчдын боловсролын тухай та юу хэлэх вэ?

-Харилцан адилгүй байгаа. Ганц утга зохиол ч биш, ерөөсөө манай урлагийн салбарт ялангуяа шинийг сэдэж, бүтээж байгаа хүмүүс өөрсдөө маш их боловсорсон, олон талын мэдлэгтэй байж тэр чиглэлд маш их зүйлийг уншиж, мэдсэн ийм уншигчтай байгаа гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. Өнөөдөр масс харанхуй хар, юм уншихгүй байна гэж ярьдаг. Би хувьдаа үүний эсрэг бодолтой байдаг юм. Яахав, нэг хэсэг нь хошин шогоо үздэг байх, тэрийг үгүйсгэхгүй. Хошин шог үзсэнийх нь төлөө юм уу, зохиолын дуу сонссоных нь төлөө тэднийг буруутгаж болохгүй. Гэхдээ миний л уулзаж учирдаг хүмүүсийн олонхи нь маш их юм уншсан боловсролтой хүмүүс байдаг. Хоёр, гурван хэлний мэдлэгтэй, харьцуулаад уншчихсан, тэгээд утга зохиолыг бүр хуучны гэдэг юм уу, тэндээс нь эхлээд уншаад ирсэн, шинэ хандлагуудыг нь ч мэддэг, мэдэрдэг болчихсон хүмүүс олон байна. Тэгэхээр уншигчдыг учиргүй хар бороор нь дуудаад байх хэрэггүй юм. Харин эсрэгээр зөвхөн уран зохиол ч биш урлагийг бүтээгчид өөрсдөө маш их боловсрох, оюун санааг чирж явдаг гэдэг утгаараа өөрсдийгөө хөгжүүлэхэд анхаарах ёстой юм уу гэж бодогддог.

-Гэхдээ л сүүлийн үед мэргэжлийн зохиолч гэж их ярьдаг, уран зохиол бол дээгүүр төвшний ойлголт ч гэдэг юм уу нэг тийм дээр доорын тухай яриа их газар авч байна?

-Уучлаарай, би нэг тэнэг юм ярих уу.     

-Заавал ч ухаантай юм ярих албагүй л дээ..
.
-Би энэ мэргэжлийн зохиолч гэдэг үгийг сонсохоор мэргэжлийн янхан гэж байгаа юм шиг эвгүй санагдаад байдаг юм.

-Яагаад…

-За, их онцгүй жишээ авчих шиг боллоо. Тухайлбал буу байна. Ямар ч төрлийн буугаар буудахад хүнийг амин газар нь оносон л бол хөнөөх чадвар нь нэг. Гар хийцийн тайрмал винтов, цахиур буу эсвэл “Кольт”, “Вальтер” аль нь ч байсан хүнийг чамархайд нь тулгаж буудахад нам болно. Асуудал буунд биш хүндээ байна. Буудагчийн үзэл бодол, авьяас мэдрэмж, зөн билиг, мэргэн цэцэн байдал дадал зуршил гээд олон юм хэлж болно.  Хүн алсан хүнийг ямар хүн байсан, хаана сургууль төгссөн, ямар дээд төвшний нөхөр, баян ядуу байсан эсэхээс нь үл хамаараад алуурчин л гэдэг. Үүнтэй адил зохиолч л бол зохиолч. Тэгэхээр толгой эргүүлээд байх хэрэггүй юм. Харин сайн муу зохиолч, сайн муу зохиолын тухайд бол жичдээ ярих ёстой байх. Уран зохиолыг, тэр тусмаа яруу найргийг би тун энгийн хэрнээ маш их адармаатай зүйл гэж боддог.                  

-Сүүлийн үед юу хийж байна?

-Ёстой нөгөө цонхоороо хараад сууж байна гэдэг билүү. Тэрийг л хийж байна.

-Яруу найраг бол боловсролтой уншигчийн хүртэж мэдэрдэг зүйл гэж саяхан нэг уран зохиолын нэвтрүүлэгт хөтлөгч залуу нь давтан хэлээд байсан. Та үүнтэй санал нийлэх үү?

-Мэдээж боловсорсон байх ёстой. Боловсрол гэхээсээ илүү гэгээрэл шахуу юм уу даа. Үнэндээ бол яруу найргийг ойлгоход дээд сургууль төгссөн диплом төдийлөн ач холбогдолтой биш байх. Жишээ нь, Б.Явуухулангийн “Мөнгөн хазаарын чимээ” гэж шүлгийг хүмүүс мэднэ дээ.

“…Өнчин дэрэн дээр нойр хулжсан   
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ       
Онгон зүрхийг цочоон баясгана” гэдгийг ойлгоход дээд сургуулийн улаан диплом лав  хэрэггүй. Зорин ирэх амрагаа хүлээхэд мөнгөн хазаарын бүдэг чимээ онгон зүрхийг цочоон баясгана гэж. Тэр шөнө нэг л гоё юм болох нь. Өвөл, гадаа уяан дээр гарсан тийм бүдэг чимээнд яахаараа зүрх цочдог байна аа. Үүнийг ойлгоход боловсролоос илүү хүнд дурлаж үзсэн, хүлээж үзсэн, шатаж шаналж явсан зүрх сэтгэл л чухал байх. Бичлэгийн ур чадвар, туурвил зүйн арга барил зохиогчийн хувь онцлогоос хамаараад тодорхой мэдлэг, төвшин шаарддаг тийм зохиолууд бол мэдээж байна. Интернэтэд, миний мэдэхийн номтой холбоотой 20 гаруй групп байна. Тэдний заримтай нь уулзалт хийж байхад номонд дуртай залуус тийм зохиолыг бичигдсэн хэл дээр нь уншаад янз бүрээр задалж яриад сууж байна. Энэ бол бахархмаар зүйл биз дээ. Явж явж зохиолчид өөрөө өөрсдийнхөө юмыг уншдаггүй юм биш үү.

-Өнөөдөр манай уран зохиолд юу үгүйлэгдэж байна вэ?

-Сайн зохиол…

-Зохиолч биш үү?

-Тэгж хэлсэн ч болно. Хүн болгон яриад шүүмжлээд л хөөсрөөд байдаг. Үнэн хэрэгтээ яг гол зүйл нь орхигдчихсон.

-Үүнд хэн буруутай вэ?

-Магадгүй би, бидний үеийнхэн буруутай байж мэдэх юм.

-Яагаад…

-Энэ шүүмжлэл надад ч бас хамаатай гэдгийг дахиад хэлчихье. Би хуучинсаг хүн биш. Гэхдээ бид өнгөрсөн үедээ, байгаа өвдөө хүндэтгэлтэй хандах ёстой. Байхгүйг нь бий болгоод явах үүрэгтэй. Зурагтаар хааяа уран зохиолын тухай нэвтрүүлэг, тэр талын яриа хөөрөө хардаг. Дөнгөж 20 хэдтэй хүүхэд уран зохиолын тухай мундаг мундаг том дүгнэлт хийгээд Явуу, Нацагдорж эд нар гээд л үеийн юм шиг ярьж байгаа биз. Арай л мангар бацаанууд гэж тэднийг хэлэхгүй юм. Шинэчлэл ярьж байгаа дөнгүүр сэхээлэг хэсэг нь шүү. Баруун солгойгүй, хальт мөлт хэдэн юм гүйлгэж хараад, бас болоогүй нэг хүж барьсан багштай, тэгээд л одоо чухам өөрчилнө шинэчилнэ гэж дэвж шаваад эхэлдэг. Юу ярьж байгаагаа өөрөө ч ойлгоогүй нүдтэй. Энэ бол жинхэнэ зохиолч. Тэр бол тэнэг мулгуу гээд эхэлнэ дээ. Дуу хоолойных нь дээрэнгүй, өөртөө эрдэж бардсаныг нь яана.     

-Заавал тэгж дөвчигнөх шаардлагатай юм уу?   

-Шинэчилнэ ээ, угаасаа. Бид цоо шинэ хүмүүс. Дөвчигнөхөө хүрвэл хэнээр ч заалгахгүй. Гэхдээ нэг учир байна. Шинэ үеийн төлөөлөл болсон хэд нь уран зохиолд ухаалгаар зэрэгцэн орших, нэгнийгээ хүлээн зөвшөөрөх тал дээр үнэндээ учир дутагдалтай байна. Дээр нь сүүлийн үед зарим залуус “Миний уран зохиолыг сүйтгээд хаячихлаа” гэж ирээд л уйлан дуугараад байдаг болсон. Эсвэл уран зохиол ийм тийм байх ёстой, жинхэнэ, хулхи, ориг энэ тэр гээд нөгөө хуучны цензур маягийн зүйлийг хэдхэн хүн өөртөө тохируулж яриад байх болсон. Биднээс өмнө байсан, биднийг үхсэний дараа ч байх зүйлийг тэгж өмчлөх хэрэггүй. Уран зохиол бол бидний хувьчилж авсан хашааны газар биш.  Өнөөдөр уран зохиолд орж ирж байгаа залууст яаж сайн зохиол бичих вэ гэж санаа зовохоос илүүтэй утга зохиол дагасан энэ бүлэглэлүүдийн алинд нь багтах вэ гэдэг толгойных нь өвчин байж болохгүй биз дээ. Тийм л эрүүл биш орчин, эрүүл биш хойч үеийг бид өөрсдөө бэлдэж байна. Юу тарина, тэрийгээ хурааж авна гэдэг биз дээ.                          

-Нээрээ зарим ахмад уран бүтээлчдийг хуучны соц, улаан коммунист, үзэл суртлын машин бараг гаж донтон гэж хэлээгүй байгаа даа, бурхан минь?

-Яахав, эрүүл сайн шүүмж бол байж болно, хэн ч маргахгүй. Угаасаа манай уран зохиолд тэр чигээрээ үзэл сурталжсан бүхэл бүтэн 70-80 жил байсан юм чинь. Р.Чойном, за тэгээд дэглэмтэй ил далд тэмцсэн нэр бүхий хэдэн эрдэмтнийг эс тооцвол бүгд л цаг үеээ аялдан дагалдсан. Тэгэхээс ч өөр арга байгаагүй байх. Харин одоо, өнөөдөр тэр бүхнийг шүүмжлээд цээжээ дэлдээд байгаа зарим нөхөд өөрсдөө тэр аймшигтай харгис тогтолцоон дунд, яг тухайн цаг үед амьдарч байсан бол ямар өөдгүй аймхай, хөгийн матаачид байх бол гэж хааяа боддог. Ер нь тэгж ярьвал 90 оноос өмнө төрсөн бүх хүмүүс л гурван төрд нүүртэй гэдэг шиг ямар нэгэн хугацаагаар хоёр тогтолцоо дамнаж амьдарсан улсууд шүү дээ. Өмхий гээд бөгсөө ухалтай нь биш.                                    

-Зохиолчид чинь…?       
             
-Энэ асуултыг тавихаас өмнө нэг зүйлийг бага зэрэг тодруулаадахъя. Миний хувьд зохиолч, уран бүтээлч, уран бүтээл гэдэг үгийг шууд хэрэглэх, ялангуяа өөртөө хамаатуулж ярихаас санаа зовдог. Хүн “Чи юу хийдэг вэ” гэж надаас асуувал “Би бага сага юм бичдэг хүн ” гэж хэлдэг. Яагаад гэвэл, уран бүтээл гэдэг нэр өөрөө их өөр ойлголт юм. Моцарт дөрвөн настайдаа анхны хөгжмөө бичсэн гэдэг бил үү. Түүнээс хойш хүмүүс түүнийг 258 жил сонсч байна гэдэг ч юм уу. Эсвэл Ван Гогийн зургууд хэдэн зууны настай билээ. Ийм шандас сайтай “давхил хол”-той, цаг хугацааг туулах чадвартай бүтээлийг уран бүтээл гэдэг. Тэгэхээр “Миний уран бүтээл”, “Би урын сандаа” гэхчлэн ярих нь надад лав зохимжгүй санагддаг. Ер нь миний л хувьд энэ зохиолч, зураач, хөгжмийн зохиолч гэдэг нэр их том санагддаг.

-Өмнөх асуултаа гүйцээгээд асуучихья. Зохиолчид чинь ямар сонин улсууд юм бэ гэж сая гайхлаа. Нацагдоржийн хөшөөг зөөлөө. Нэг нь ч үгээ хэлсэнгүй?

-Ёстой бүү мэд дээ. Д.Нацагдорж орчин цагийн уран зохиолыг үндэслэгч гэдэг билүү. Миний Нацаг, агуу Нацаг гэж дэвж шавдаг хүмүүсээс энэ асуултыг асуух нь зөв байх. Миний л хувьд Д.Нацагдоржийн хөшөөг Улаанбаатарын биеэ үнэлэгчдийн цугладаг байсан газарт зөөж “хаяхад” сайхан санагдаагүй. Болж байгаа юм биз. Зөвхөн энэ ч биш бас бус олон зүйлд дуугүй өнгөрч болмооргүй санагддаг. Тухайлбал, СГЗ, орчуулагч Г.Аким гуайн талаар ямар муухай юм явав аа. Өөрөө бачуураад, бүр зүхүүлэгч Г.Аким гэж байгаад бухимдлаа бичсэн байсан. Би энэ талаар хувийн бодлоо бичье гэж бодож байгаа.              

-Бас нэг асуулт байна. Бид ингэхэд ер нь ямар бахархалтай хүмүүс вэ. Хааныхаа төрсөн газрыг ухах гэж байна. Алтны төлөө шүү дээ. Энэ сэдвээр манай сонин их бичлээ?

-Ном уншдаггүй, дуу дуулдаггүй огт юу ч зохиодоггүй жирийн хүн байсан ч гэсэн бид агуу их түүх, соёлыг тээж төрсөн, өвлөж авсан улс. Гэтэл тэр бахархлууд нь сурах бичиг дээр ч төдийлөн байдаггүй, эцэг эх нь ч хүүхдэдээ хэлдэггүй, ер нь хэн ч ярьдаггүй. Эх оронч үзэл, бахархал гээд ярихаар хэдэн муусайн хужаа нар гээд үзэн ядаад байдаг. Бид тэднийг муулж болно. “Манай газрыг ухлаа, байшин барилаа, алт зөөлөө” гээд. Тэднийг зүхэхээс өмнө монгол хүнтэйгээ эхлээд ярих ёстой. Хэрэв хилээр нэг ч хятад орж ирдэггүй байсан бол хэзээ ч тэд Монголын алтыг ухахгүй. Зуун хятад оруулж ирээд барилгаа бариулчихаад яг тоогоор нь буцаагаад гаргадаг байсан бол тэд энд үлдэхгүй. Тэдний ард дандаа монголчууд байгаа. Асуудал тэдэнд биш бидэнд байна. Бусад улс орон яагаад огт байгаагүй хааныг байсан болгож кино хийгээд хойч үеэрээ бахархуулах гээд байна вэ. Манайх болохоор яагаад түүхэнд байсан хаанаа үгүй хийж архин дээр зургийг нь наагаад дуусгаж байна вэ. Ингээд шүүмжлэлтэй хандах юм бол их харамсалтай санагддаг. Хааны нутгийг ухахын тухайд ёстой нөгөө нүд улаан мөнгө цагаан гэдэг л болж гэж ойлгосон. Газар бол улсын үндэс гэж Модун Шанью хэлсэн. Тэр үнэн. Гэхдээ газар шороогоо хайрлах хайр, тэр бахархал, эрх чөлөөгөө мэдрэх мэдрэмж бас улсын үндэс юм. За ингээд хадуураад эхэллээ. Хоёулаа яриагаа дуусгах уу.     

-Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

Ч.ҮЛ-ОЛДОХ

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж