Энэ сарын 13-19-ний өдүүдэд Унгарын Будапешт хотноо уран гулгалтын Европын аварга шалгаруулах тэмцээн боллоо.
2014 оны Европын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 15 настай Юлия Липницка тэргүүллээ. Тэрбээр тус тэмцээнд 209,72 (69.97+139.75) үнэлгээ авсанаар алтан медаль хүртсэн бол Аделина Сотников(202.36), Италийн Каролина Костнер(191.39) хүрэл медаль хүртлээ.
“Би бүх зүйлийг хийлээ гэж бодлоо. Би хөтөлбөрийн үнэлгээг 200-д хүргэлээ. Хүнд элементүүдийг хийсэн ч энэ бүгдийг амжилттай дуусгалаа.” гэж Grand Prix-ийн мөнгөн медальт Липницка өгүүлжээ.
Өдгөө 15 настай Юлиц Липницка дэлхийн аварга, Европын таван удаагийн аварга Италийн Каролина Костнер, Европын хоёр удаагийн дэд аварга Аделина Сотников нарыг ардаа орхиж, европын аварга болов. Хэдхэн хоногийн дараа Сочид болох олимпийн их наадамд Юлия Липницка өндөр амжилт гаргана гэж мэргэжилтнүүд бичиж эхэллээ.
Ким Юүна болон Мао Асада нарын хүчтэй өрсөлдөгч болох Каролина Костнерыг ардаа орхисон Юлия Липницкад оросууд итгэж эхэллээ. ОХУ-аас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд олимпийн алтан медальтан төрөөгүй байна. Олимпийн их наадмаас Ирина Слуцкая 2002 онд мөнгө, 2006 онд хүрэл медалийг эх орондоо авчирч байжээ. Тиймээс энэ жил Сочигийн наадамд Юлия Липницкаг медаль хүртэж, бүр алтан медаль авахад гайхахгүй боллоо.
Өдгөө дэлхийд ноёрхож буй Японы Мао Асадо, БНСУ-ын Ким Юүна нарын хамгийн хүчтэй өрсөлдөгч Юлия Липницка болж ирэв. Олимп, дэлхийн аварга Ким Юүнагийн хувьд өнгөрсөн улиралд бэртлийн улмаас Гран при цувралд оролцоогүй ч Хорватын Загреб хотноо болсон “Golden Spin Zagreb”-д 204.49 үнэлгээ авч тэргүүлсэн. Харин Мао Асада өнгөрөгч сард Японы Фүкүика хотноо болсон шилдэг зургаан гулгагч оролцдог “Grand Prix Final” тэмцээнд 204.02 үнэлгээ авч тэргүүлжээ. Тус Grand Prix-д Юлиц Липницка 199,01 үнэлгээ авч мөнгөн медаль хүртсэн.
Ийнхүү хэдхэн хоногийн дараа болох Сочигийн өвлийн олимпийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд томоохон өрсөлдөөн айсуй. Олимпийн аварга, дэлхийн хошой аварга БНСУ-ын Ким Юүна, олимпийн мөнгө, дэлхийн хошой аварга Японы Мао Асада, дэлхийн аварга Италийн Каролина Костнер болон ОХУ-ын Юлия Липницка нарын дунд томоохон өрсөлдөөн өрнөх нээ.
Сануулахад, өвлийн олимпийн XXII их наадам ОХУ-ын Сочи ирэх сарын 7-23-ны өдрүүдэд болно. Харин уран
гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн медальтнууд хоёрдугаар
сарын 14-нд, эмэгтэйчүүдийнх 20-ны өдөр тус тус тодрох аж.